Аз жаргалаа Бусдаас нуу гэнээ! Уг нь манай хамгийн оюунлиг хэсэг уншдаг сонин иин тавиад, тэрэнд нь 200-гаас дээш хүн лайк дарчихсан байхаар харамсалтай санагдаад аа.
Бал эрхлэгчийг амьд сэрүүн байх үеэс нийгмийн сэтгэлгээг зөв зүгт залах зүтгүүрийн үүрэг гүйцэтгэдэг гол хэвлэл байсан сонинд өнөөдөр ийм эгоист үзлийг зүгээр л хэвлэчихдэг болж.
Үүнийг бичигч нь хувийн хандлагаа л илэрхийлж. Уг нийтлэлийг 1000 хүн уншсан гэж үзвэл, 200-д нь таалагдсан гэхээр уншигчдын 20 хувь. Эндээс нийгмийн сэтгэлгээ ерөнхийдөө буруу тийшээ хэлбийчихэж гэж харагдахаар байна.
Доорх үгийг анзаарч хараарай. "Бид бүхэлдээ юу бодсон, түүнийхээ үр дүн юм".
Арай өөрөөр:"бодол чинь ямар байна, амьдарл чинь яг тийм л байна" гэж орчуулсан нь бий.
.
Харин энд "Аз жаргал бол чи юутай, эсвэл чи хэн гэдгээс хамаарахгүй. Гагцхүү чиний юу бодож байгаагаар л тодорхойлогдоно.
Аз жаргалаа Бусдаас нуухыг зөвлөгч маань, хэн нэгэн өөрөөс нь арай доогуур түвшинд явж байвал сэтгэлд нь сэмхэн баяр төрөөд байдаг, харин өөрөөс нь илүү гарчихвал дотор нь эвгүй болдогоо нуусангүй. Мөн нэг "ухаантай" найзынхаа "хэнтэй ч битгий баяраа хуваалц" гэснийг байнга санадаг гэнэ. Богинохон, сэтгэгдэл гэмээр эл бичлэгийн дор "яг ... зөв хэллээ... фб-ээр дүүрэн нэг л их өрөвч хүмүүс,... шал худлаа..."гэсэн сэтгэгдлүүд.
Хэнд ч, юунд ч итгэхгүй амьдрах яасан уйтгартай байх бол? Аз жаргалтай байж болно гэдэгт итгэхгүй, амжилттай яваа хүмүүсийн инээмсэглэлд итгэхгүй. Зовлонд өртөгсөдийг чин сэтгэлээсээ өрөвддөг хүмүүс байдагт итгэхгүй. Бусдын зовлонг нимгэлэхийн төлөө бүхнээ зориулдаг ариун гэгээн хүмүүс энэ дэлхий дээр тэдний төсөөлснөөс хавьгүй олон гэдэгт итгэдэггүй. Хэзээ нэгэн цагт өөрсдөд нь аз жаргал, амжилт ирэхээр бусдад алдчихна гэж хав дарж нууж яв.... гэж зөвлөх. Яагаад ийм бараан бодлоор өөрийгөө цэнэглэгсэд олон болоод байна?
Үүнийг бичсэн сэтгүүлчийг буруутгахаас илүү сөрөг сэтгэлгээг өөгшүүлэгчид, бусдын зовлонд сэм баярлагсад олширсонд харамсахын хэрээр, эерэг сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэхэд тус нэмэр болох юуны магад хэмээн хэдэн зүйл хэлмээр санагдаад үзгээ барьсан хэрэг л дээ.
"Хорсол бухимдлыг дотроо хадгалж явна гэдэг өөрөө хор уучихаад дайснаа үхэхийг хүлээж суухтай адил."
Сошиал мэдиагаар өрнөж буй нийгмийн сайн сайхны төлөө үйлсийг дэмжигсэдийн хүрээ тэлж байгааг сэтгэлгээний эерэг өөрчлөлт гэж хардаг хүн л дээ, би уг нь. Байгаль дэлхий, ногоон хөгжлийн төлөөх ажилд хүмүүсийг татан оруулахад нийгмийн сүлжээг түлхүү ашигладаг хүний хувьд ийм үйлсэд чин сэтгэлээ зориулдаг сайн санаат хүмүүс олширсоор байгааг явсан газар болгондоо харж бахархдаг нэгэн билээ.
Нийгмийн сүлжээгээр баяраа хуваалцах, хүмүүс аз жаргалтай яваагаа харуулахыг таагүй зүйл гэж бодохгүй байна. Хэн нэг хүн өөрийн хүрсэн өндөрлөгөөс бусдын зүгт гараа даллаж, араасаа дагуулахын муу нь юу байх билээ? Хэрэв өөрийн шударга зүтгэлээр амжилтад хүрсэн нэгнийг хараад яагаад бахархаж болохгүй гэж? Шургуу зүтгэл, өөдрөг тэмүүлэлтэйгээр амжилтад хүрсэн жишээ бусдыг урагш түлхэх хүч, урам зориг өгдөг. Өмнө чинь боломж байсаар байхад хөдөлгүй өдий хүрсэн бол одоо өөр нэгний хүрсэн амжилт чамайг урагш нэг алхахыг сануулж байна. Аливаа зүйлээс сайныг нь олж харах чадвартай, бусдын амжилтад чин сэтгэлээсээ талархаж чадна гэдэг тухайн хүний сэтгэлгээ эрүүл, бусдын гаргасан замаар урагшлахад бэлэн байгааг харуулж буй хэрэг.
Гэвч бүхнийг хар талаас нь хардаг, ариун гэгээн тэмүүлэл рүү хамаг хир буртгаа /баас/ цацдаг хүмүүс олширч байгаа бол нийгмийн сэтгэлгээ "өвчилжээ" гэсэн үг. Өвчин ихээр тархсан үед халдвар авахаас болгоомжлон, гэртээ түгжиж суухын адил Аз жаргалаа Бусдаас нуу гэсэн зөвөлгөөг баяртайгаар хүлээн авч байгаа бол энэ тийм ч эрүүл зүйл гэж бодогдохгүй байна. Энэ бол бүхэлдээ бодол-сэтгэлийн бохирдлоо /хирээ арилгах/ эмчлэх цаг болжээ гэсэн дохио. Сошиал медиагийн сайн тал нь нийгмийн сэтгэлгээг оношлоход нэн тустай. Хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ гэж өдөр болгон бид ярьдаг. Тэгвэл гамшигийн хэмжээнд хүрсэн эсэхийг агаарын найрлага дахь хортой, хүнд элементийн агууламжаар л тодорхойлно.
Бодол-сэтгэл үүнтэй яг адил. Сөрөг бодлыг удаан хадгалах тусам өсөн үржсээр, гэрэл гэгээг харах өнцөг/цонх/ чинь улам багасна. Бараан бодолд эзэмдүүлсээр байвал, эрүүл бодол багтаах зай нь хумигдсаар чи бүхэлдээ сөрөг бодол тээгч болж хувирна. Юу ч харсан баясахгүй, юунд ч итгэхгүй. Аз жаргалаа хуваалцаж байгаа, гэрэл гэгээтэй мэдээ түгээж байгаа бүхэнд чи үл итгэнэ, атаархана. Энэ бол чиний бодол доторх "хортой, хүнд элелемт" зөвшөөрөгдөх хэмжээнээс давчихаж гэж ойлгож болно. Харамсалтай нь агаарын найрлагыг хэмждэг шиг сэтгэл доторх бодлын хирийг хэмжих багаж байхгүй тул "хүнд хортой элемент" нь хувь хэмжээг мэдэх хэцүү. Гэхдээ огт боломжгүй зүйл бас биш. Чи өөрөө л бодлоо хянаад сурчихвал, цэвэрлэж болно. Цэвэрлэхийн тулд эерэг бодлыг дадуулах зарим аргад суралцах л хэрэгтэй. Цэвэрлэсэн саван дотор бохирын нян үржихгүй. Байнга цэвэрхэн байдаг гудамжинд архичид хар тамхид очиж суугаад байж чаддагүй биз дээ? Учир нь тэдний орчин энэ биш.
Сэтгэл цэвэр, өөдрөг бодол тээж явдаг хүнээс гэрэл гэгээ цацарч байдаг гэнэм. Гэрэл асаангуут харанхуй алга болдогийн адил гэгээн бодлоор тэжээгддэг хүнд атаархлын бараан сүүдэр орох зай үгүй болсон байдаг. Учир нь тэрээр ариун гэгээний долгионд нэгдсэн байдаг тул материаллаг ертөнцийн өчүүхэн атаархал, шунал тэдэнд хүрч үйлчилдэггүй гэх. Энэ бүхэн бол буддизм, иога бясалгалын тухай унших явцад олонтаа тохиодог сургааль номын хэсэг бөлгөө.
Номлол гэснээс Буддизмыг баруун Европ хийгээд Америкад түгээж эхэлсэн нь ердөө саяхных. 1950 оноос хойшхи хэрэг. Гэтэл өнөөдөр Америхад 30-40 сая хүн бясалгал хийдэг, нийт америкчуудын 30 хувь нь хойд нас гэдэгт итгэдэг болсон гэж сая олж уншлаа.
Буддизмыг мухар сүсэг талаас нь биш, харин хүн өөрийн дотоод мөн чанараа таних, амьдралын жинхэнэ утгыг мэдрэх гол хөтөч гэдгийг барууныхан таньчихаад улам гүнзгийрүүлж судлаад байхад бид аль замаар нь яваад байна аа?. Уг нь бид чинь Буддын номлолыг дагадаг,сэтгэлээ ариусгаж, нинжин сэтгэлийг эрхэмлэдэг оюунлиг ард түмэн сэн.
No comments:
Post a Comment