Tuesday, April 17, 2018

Богд ЗГ-ны хурц билигт бичээч, Ардын хувьсгалын Хүрээний бүлгэмийг үүсгэгч Дансранбилигийн ДОГСОМ


ДАНСРАНБИЛЭГИЙН ДОГСОМ (1884 — 1941)

Эхлэл
... Хөх торгон дээлийг
Хөдөөний хоршооноос худалдаад авсан юмаа
Хөөрхөн төрсөн жинжий Бадам миний л амраг
Хөхрөөд байгаа модтой уулын Альхан талаар явдаг болдоо,
           Ай л хөөрхий еэ...
Сэтгэлд энэ л аялгуу эгшиглэнэ. Монгол хүн бүрийн мэддэг, аялдаг энэ дууны үгийг Д.Догсом бичснийг харин тэр болгон мэддэггүй байж магад. Хэдэн жилийн өмнө “Долоон бурхан харавдаггүй” киног үзснээс энэ л аялгуу эгшиглэх хэсэгхэн кадр санаанд илхэн байдаг юм.
 “Ардын хувьсгалын анхны долоо”-гийн нэг Дансранбилигийн Догсомын тухай мэдээллийг цуглуулах зуураа, энэ шүлгийг Ховдын хязгаарыг тохинуулах даалгавартай ажиллаж байхдаа учирсан амраг бүсгүй Бадамдаа зориулж бичснийг олж мэдэв. Өдгөө энэ дуу монгол түмний зүрх сэтгэлд үүрд хоногшсон соёлын өв болон үлджээ.
*****                         *****                           *****
1884 оны долдугаар сарын хорьдоор Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг, Шинэ булаг хэмээх газар харц ард Дансранбилэгийнд нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо ардын хувьсгалын үйл хэргийг үүсгэлцэж, хүрээний бүлгийг санаачилж “Ардын хувьсгалын анхны долоогийн нэг” хэмээн хойч үедээ дуурсагдах гавьяат үйлсийн эзэн болох хувьтай ч, эх орныхоо төлөө шударга зүтгэсний эцэст, улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн хүний нутагт хороогдох гунигт тавилангийн эзэн байх юм гэж хэн мэдэх билээ.
Түүний төрсөн нутаг Шинэбулаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагтай зах нийлэн оршдог, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын баруун урдхан байрлах Багабулаг, Шинэбулаг хэмээх газар бөлгөө.
Хар багаасаа гэрийн багшаар заалган бичиг үсэг сурсны ачаар 12 настайгаас хошуу тамгын газар бичээч, 15-тайдаа өөрийн аймгийн Далай вангийн хошууны тамгын газар түшмэл, Сэцэн хан аймгийн Хэрлэн барс хотын чуулган буюу Хан Хэнтий уулын чуулганд бичээчийн алба хашиж байгаад улмаар Богд хаант Монгол улсын үед Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр дэвшин ажиллажээ.
 Богдын Засгийн газрын хурц билигт бичээч түшмэл Д. ДОГСОМ
Яам тамгын албыг эндэгдүүлэлгүй сайн хаасны учир бичгийн гавьяаны дөтгөөр зэргээс дэд зэрэгт шагнагдан, хурц билэгт цол шагнуулж явсан  Д.Догсом бээр Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөнөөр олж авсан Өөртөө засах эрхтэй Монгол улсын эрх чөлөөг баталгаажуулах үйлсэд зөвхөн бичээчийн хувиар төдий бус, тухайн нийгмийн хамгийн идэвхт хэсгийн төлөөлөл болохын хувьд үгээ хэлж, өргөх бичиг барьж явсан түүхтэй.
Д.Догсом хошуу тамгын албанд ажиллаж байхдаа харьяат ноёдын шударга бус үйлдлийг жигшин зэвүүцэж, үүнээсээ болж эрх баригчдад элдвээр дарлагдаж явсан тухайгаа: “Эзэрхэг засаг ноёд түүний биеийг зүйл зүйлээр ёсны гадна хэтэрхий дарлан зовоож, мөлжин тохируулсан учир хилс бэрхийг тэсвэрлэн хүлээж чадахгүйд хүрч харьяат засаг ван Навааннэрэнтэй заалдан тэмцэлдсэн учир өөр хошуунд гэр цуцлах зовлонг хүлээж явсан учир хэзээ ямагт харъяат эзэрхэг харгис засгийн ёсонгүй дарлалаас бэрхшээн жигшиж, аль нэгэн цагт тэдний гар савраас ангижрах...   цаг ирэхийг хүсэмжилж буйгаа илэрхийлсэн байдаг. Аймаг хошуудын засаг ноёд, бичиг үсэгт тайлагдаагүйн дээр, ард олноо гэх сэтгэлгүй, усан тэнэг байсан ч угсаа залган суудаг тэр цагийн бурангуй ёсыг шүүмжилж:“... Угсааг дагаж хошууны засаг залгамжлуулахыг нэг мөсөн устгаж, одоогийн эрдэм ухаангүй засгийг халж, дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засгийг явуулж...” байвал зохино гэсэн санааг зуун давсан он жилийн тэртээд илэрхийлж байсныг үзэхэд дэлхий нийтийн хандлагыг таньсан ардчилсан үзэлтэн байсан бололтой Энгийн ард олныг дарлан зовоож буй феодалын системийг өөрчилж, тэгш биш байдлыг халж, шударга ёс зүйт нийгмийг байгуулахын төлөөх эрмэлзэл Д.Догсомд ихэд эртнээс төлөвшсөн аж.
 1914 оны зун Богд хаант Монгол улсын Дээд болон Доод хурал гэж байгуулагдахад Догсом  Доод хуралд сонгогдон өөрийн санал, бодлоо илэрхийлсэн өргөх бичигтээ ...Манай Монгол Хятадын дарлалаас ангижирч газар орноо бүрэн бүтэн болгон авахын тулд Хятадтай удаа дараа дайн байлдаан хийсний учир нэгэнт өшөөтөн дайсан бололцон хятадын гарт дахин орох болбол урьдаас хувь илүү дарлагдах гашуун зовлонг үзэх тул хятадыг дагаж захирагдахыг манай доод хурлаас зөвшөөрөн баталж хэрхэвч чадахгүй. Хэрэв хятад цэргийн эрхтэн Сюй Шү Жан цэргийн сүрээр айлган дагуулах байдал гаргавал манай монгол цэргүүд... даруй зэвсэг хөдөлгөн... улс орноо батлан хамгаалж чадна...“ гэж бичиж байв.

ХҮРЭЭНИЙ БҮЛГИЙГ ҮҮСГЭН САНААЧЛАГЧ
1915 оны Хиагтын гурван улсын бага хуралд эх зохиох түшмэлээр ажиллаж байсан Д.Догсомын бичсэн, Монголын өөртөө засах Автономит эрхийг устгасан харийн дарангуйллыг эсэргүүцэж тэмцсэн олон баримт улсын архив хадгалагдан үлдсэн нь олзуурхууштай. Эдгээрээс, зөвхөн Ардын Хувьсгалын хэрэгт хүчин зүтгэсэн хэсгийг нь сонирхон үзье.
Бид дунд сургуулийн түүхийн хичээлээс мэддэг болсон хувьсгалын нууц бүлгэмээс  гаргасан Сюй Шү Жаны хашааны хаалганд наасан ухуулах бичиг” хэмээх бичгийг Д.Догсом үйлдсэн гэж судлаачид үздэг. Түүхийн ухааны доктор асан Д.Гонгор нягтлан судалж, урьд өмнө нийтлэгдсэн хувилбар ташаа байсныг залруулан тайлбар хийж, уг бичгийг Догсом бичиж Хүрээний бүлгээс гаргажээ гэсэн дүгнэлт хийсэнтэй өдгөө судлаачид санал нэгддэг.
Үнэндээ, Д.Догсом, ардын хувьсгалын Зүүн Хүрээний бүлгийн үндэслэгчийн нэг агаад Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйхаар одсон долоон хүний дунд “Георгий” нэртэй явсан түүхтэйг социализмын хэн ч мэддэггүй байсан болохоор энэ талаар дуугардаг хүнгүй байлаа. Иймээс л чухам үнэнийг нягталж гаргаж ирдэг судлаачдад талархах нь зүйтэй.     
Д.Догсомын бичсэн “Ардын намыг байгуулах явдлыг анхан хэрхэн үүсгэн оролдсон тухай” гэдэг томоохон өгүүлэл нь 1928 онд хэвлэгджээ. 

 Энэ өгүүлэл нь өдгөө судлаачдын хувьд үнэ цэнэтэй түүхэн бүтээлд тооцогддог. Японы эрдэмтэн Футаки Хироши Ардын намыг байгуулах явдлыг анхан хэрхэн үүсгэн оролдсон тухайД.Догсомын дурдатгалыг задлан шинжилж үзээд “...С.Данзан, Д.Бодоо, Д.Догсом, Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нарын хувьсгалчид хэмээсэн бол О.Батсайхан...Д.Догсомын дурдатгал нь МАН-ын үүсэл хөгжлийн талаар үнэ цэнэтэй эх сурвалж агуулж, орчин үеийн Монголын түүхийн хуудсыг баяжуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан бүтээл” гэж онцолжээ. Хүрээний бүлгийг үүсгэн байгуулсан Д.Догсом нар 1919 оны 8 дугаар сарын сүүлээс хойш өөрсдийгөө “Тангарагт нөхөд” гэж нэрлээд, “Санаа нийлэх үнэнч нөхдийг олж элсээх” тухай ярилцаж, С.Данзан, Д.Сүхбаатар нартай бусдаасаа илүү дотно нөхөрлөх болсон байна. 

Хүрээний хоёр бүлгэм нууц уулзалтуудыг энд тэнд зохион байгуулдаг байсныг бид киноноос   цөөнгүй харж байсан. Гурван улсын гэрээгээр цуцлагдсан автономит засгийг дахин сэргээхийг гол зорилго болгосон тэдний уулзалтад Д.Догсом, Д.Бодоо, Жамъян гүн зэрэг нийслэл хүрээний түшмэлүүд оролцож, хөрөнгөтний ардчилсан нийгэм байгуулах замаар Монгол улсаа сэргээн босгох гэсэн үндэсний хөрөнгөтний элементийн санааг илэрхийлдэг байжээ...
Хоёр бүлэг хамтарч 1920 оны 6 дугаар сарын 25-нд Догсомын гэрт хуралджээ. Энэ үед Орос улсад төлөөлөгчид нэмж явуулах тухай хэлэлцээд, хуралдагсад шодож Д.Сүхбаатар, Лосол, Догсом, Д.Бодоо, Чагдаржав нарын нэр тодров. Тэдний замын зардал, хэрэглэх хүнс, уналга морь зэргийг хувьсгалт байгууллагын гишүүдээс хуваарилан гаргуулах, харилцааны нууц түлхүүр үгсийг зохион бичгээр харилцахдаа Д.Сүхбаатарыг “ээж”, Лосолыг “аав”, Догсомыг “Георгий” гэх мэт хүн тус бүр дээр нэр буруулан бичиж байхаар тогтов.
1920 оны 7 дугаар сард Данзан, Чойбалсан нарыг Хүрээнээс явсны дараагаар Зөвлөлт Орос Улсад Ардын намын төлөөлөгчдийг нэмж явуулахаар шийдвэрлэж, Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг явуулж, дараа нь Д.Сүхбаатар (Төмөр) Д.Лосол (Дагва), Д.Догсом (Дэмбэрэл) гэдэг нууц нэрээр худалдаачдын дүрээр явсан байдаг.
АРДЫН ЗАСАГТ ЗҮТГЭСЭН ОН ЖИЛҮҮД:
1924 оны 10 дугаар сард Ховдын хязгаарт суух төлөөний түшмэлээр Д.Догсомыг томилсноор хязгаар нутгийн ард олонд ардын засгийн бодлогыг ухуулан таниулах, хэрэгжүүлэх ажлыг удирдах болов. 1925 оны 5 дугаар сард Дөрвөдийн Үнэн зоригт хошуунд нутгийн захиргаа байгуулахаар Д.Догсомыг очиход нь хүмүүс элдэв цуу үг тарааж эсэргүүцжээ. Мөн оны 5 дугаар сарын 10-нд тэрбээр Засгийн газарт илтгэн “Төлөөний түшмэл Догсом ....миний бие энэ 5 сарын 6-ны үдэш дөрвөдийн баруун аймгийн үнэн зоригт хошууны харчуудаа нийлүүлж нилээн хүмүүс тус хүрээний газар хуралдан...() бүлэглэж огт худал цуу үг зохиож газар газарт хүн илгээж олны итгэлийг хутган (үймүүлж) ... гэнэн ардын хэрэгт аливаа хошуудын шар хар олон ард нэгдэн дуурайж дээдэд улс гэр, доодод ард олонд харшлал хорлолтой зүйлийг явуулсан (хурлын явцад)- ыг тогтоолоо гэсэн утгатай баримт архивт хадгалагдан үлдснээс үзэхэд хязгаар нутгийг тохинуулах ажил хялбар бус, ард иргэдэд ухуулах амаргүй үүргийг гүйцэтгэж байснаа илтгэн мэдүүлж байжээ.
Д. Догсом Ховдын хязгаарт ажиллаж байхдаа жинжий  Бадам хэмээх бүсгүйтэй ханилан суусан гэж эх сурвалжууд дурьдсан байх ба, тэрбээр 1926 оны 3 -р сарын эцсээр Тува улсад бүрэн эрхт элчингийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон Ховдын хязгаараас явахдаа сэтгэлтэй бүсгүй Бадамдаа зориулж “Хөх торгон дээл” гэдэг ардын дууны үг аяыг зохиосон гэж үздэг. Мөн “Дөрвөн уулын дунд” хэмээх ардын дууны үгийг бас тэр бичжээ.
....
Цагаан торгон дээлийг
Цантын хоршооноос авсан юмаа
Царайлаг төрсөн жинжий Бадам миний амраг аа
Цайраад байгаа цастай уулын
Альхан талд нь явдаг болдоо, Ай л хөөрхий еэ
   Ногоон торгон дээлийг
   Номтын наймаанаас худалдаад авсан юмаа
Номхон төрсөн жинжий Бадам миний амраг
Ногоороод байгаа модтой уулын
Альхан талд нь явдаг болдоо Ай л хөөрхий еэ
Түүний бичсэн улс төр, түүхийн нийтлэл, яруу найраг дуу шүлэг нийлсэн 40 гаруй бүтээл бий.
Д.Догсом Тувад сууж байхдаа хувьсгалт тэмцлийн тэргүүн шугамд хамтран зүтгэсэн партизан нөхөддөө хандаж бичсэн захидлыг “Хуучин партизан нөхөр Догсомын захидал” гэдэг нэрээр “Ардын үндэсний эрх” сонины 1934 оны 9 дүгээр сарын 29-ний дугаарт нийтэлсэн байдаг. “Монгол орон нь алдарт Октябрийн их хувьсгалын халуун долгионыг угтан авч Зөвлөлийн засагт Орос улсын олон түмэн үйлдвэрчин, тариачин ардыг өөрийн хагацашгүй халуун хань нөхөр мөн хэмээн таньж, тэдний халуун гараас нь барилцан, бат гүнээ холбоо байгуулсны илэрхий ач гавьяагаар дотоод гадаадын эзэрхэг харгис нарын гар савраас өөрийн ардын эрх чөлөөг тэмцэж, нийтийн соёл боловсролгүй, харанхуй бүдүүлэг орны дотор анх хувьсгалыг үүсгэх ... явцад гарсан ололт, бэрхшээлийг өгүүлээд,  хамтран зүтгэж байсан нөхөр Д.Сүхбаатарыг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд харуусан гашуудсанаа: “монголын хувьсгалын эхний манлай удирдагч үнэн хувьсгалч баатар зориг төгөлдөр нөхөр Д.Сүхбаатарын бие санамсаргүй орчлонгийн эндүүрлээр ургасан цэцэг адил хайран идэр залуу насандаа ертөнцөөс чөлөөлснийг санах тутам харамсан гашуудаж барахгүй болоод түүний үүрдийн мартагдашгүй гавьяаг олон нөхдийн өмнө дурдаж сэргээж”... хувьсгалын зүг өнгөлзөгч нохой адил эзэрхэг түрэмгий нарын өмнөөс хатуу нударгыг өгөн няцааж өөрийн газар орон нутаг үндсээ бүрэн бүтнээр хамгаалан тусгаар тогтносон эрх чөлөөт хувьсгалт улс төрөө бататгахын төлөө тэмцэхийг ... үндэсний хувьсгалын улаан партизан нөхдөдөө” уриалж зоригжуулжээ.

1933 оны 9-р сард БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Д.Догсомыг БНМАУ-аас Тагна Тува улсад суух бүрэн эрхт элчингээр томилогдов.
1935 оны 6-р сараас 1936 оны 3 -р сард Манжуурын хэлэлцээрт оролцох БНМАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тэрбээр оржээ. Чухам энэхүү хэлэлцээрт оролцсон нь хожим хилсээр гүтгэгдэн, зохимол хэрэгт яллуулах гол шалтгаан болсон байдаг.

Манжуурын хэлэлцээр гэдэг нь Манж го улс ба Гадаад Монголын хоорондын хил бүсийг тодорхой болгох, хил тогтоох асуудлаар хийсэн уулзалт юм. Энэ хэлэлцээрийн тухай https://mn.wikipedia.org/-д  ийн дурьджээ.
 1935 оны 5 -р сарын 30-нд эл хэлэлцээрт оролцохоор БНМАУ-аас 8 төлөөлөгч Манж-гогийн нутагт орших Манжуур төмөр замын өртөөнд очжээ. Төлөөлөгчдийн тэргүүн нь бүх цэргийн жанжны орлогч Гончигийн Самбуу, гишүүд нь Дорнодын 2 -р морьт корпусын дарга Гомбожавын Дамба, засгийн газрын түшмэл Дансранбилэгийн Догсом, нарийн бичгийн дарга Догьсүрэн, дипломат курьер Чимэддорж, ажилтан Жавган, Лувсандэндэв, орчуулагч Жүрмэд нар байлаа.
Козловскийн цахилгаанд өгүүлснээр Самбуу тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид зөвхөн Халхын сүм районд 1935 оны 1-р сарын 24-нд болсон мөргөлдөөн, түүнчлэн Халхын сүм хэний нутагт харъяалагдах талаар хэлэлцээ хийх эрхийг засгийн газраас авсан болохоо мэдэгджээ.  Хэрэв Япон-Манж-го улсын төлөөлөгчид Халхын сүмээс илүү өргөн хүрээтэй асуудал, тухайлбал хилийн бүх шугамыг тогтоох, дипломат харилцаа тогтоох зэрэг хэлэлцээрийг хийхийг оролдох аваас тэдэн ийм эрх олгогдоогүй гэдгээ мэдэгдэх ёстой байлаа.
Тухайн үед Манж го-гийн тал, Монголын төлөөлөгчдийг тэнд байгаа Зөвлөлтийн консултай харьцахад ихэд эмзэглэн хардаж байсан тул төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга Догьсүрэнг Откорт байнга байлгаж хуралдааны бүх протоколыг Зөвлөлтийн консул Смирновт дамжуулж байгаа болохыг Самбуу илтгэлдээ дурджээ.Монголын төлөөлөгчид бүх хуралдааны протоколыг 3 хувь үйлдэж БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч, бүх цэргийн жанжин, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарт илгээж байжээ. 1934 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны дараа Самбуу, Догсом нарын толгой өвдөн, хоолонд дургүй болж, Самбуугийн бие хэд хоноод сайжирсан боловч хамгийн ахмад нь болох 50 настай Догсомын бие улам дордон нэг хэсэгтээ хэвтэрт орсон байна. Мөн Японы талаас элдэв шаардлага нот бичиг өгөх болсон тул хэрхэх тухайд Смирнов консулаас асуулгасанд тэрээр Москва руу холбоо барьсны дагуу Японы нот бичгийг авч өөрийн засгийн газартаа дамжуулж байхыг зөвлөсөн тул 7 дугаар сарын 4-нд Канки-гаас өгсөн нотыг хүлээн авч засгийн газартаа явуулсан болохыг Самбуу илтгэлдээ тайлбарлаж тэргүүн Самбуу, Дамба, Догсом, нарийн бичгийн дарга Догьсүрэн, Лувсандорж хэмээн гарын үсгээ зуржээ.
 Манжуурын бага хурлын хоёр дахь хэлэлцээр 1935 оны 10 дугаар сарын эхээр болж төлөөлөгч нар өмнөх асуудлыг хэлэлцэж, хоёр талын хооронд хилийн төлөөлөгч солилцох тэдний эрх үүрэг, байрлах газар, мөн хилийн будлианыг зохицуулах холимог комиссыг байгуулах асуудлууд багтжээ. 10 дугаар сарын 16-ны өдөр Канки орчуулагч Инокүчитэй хамт Самбуутай уулзахаар Монголын төлөөлөгчдийн байранд ирэхэд нь эзэнгүй байсанд Дамба, Догсом нартай түр ярилцжээ. Үүнд Канчи бидний өмнө асуудлыг шийдэх хоёр зам байна.
Нэгд: тайван замаар, Xоёрт: хүч хэрэглэх аргаар. Хэрвээ танай улс манай саналыг хүлээж авахгүй бол бид хүчээр танай нийслэлд хүрч, асуудлыг хүчээр шийдэхээс өөр аргагүй гэжээ.
Д.Догсом Халхын голын хил хязгаарыг тогтооход оролцож байжээ. МАХН-ын Төв хороо 1936 оны 3 дугаар сарын 11-нээс 20-нд Улсын бага хурлыг зарлан хуралдуулсны дараахан ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь халж А.Амарыг ерөнхий сайдаар, Д.Догсомыг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлүэгчдийн даргаар тус тус томилжээ.” https://mn.wikipedia.org/
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Гэндэнг Зөвлөлтийн төлөөлөгч нарын илгээсэн мэдээллийн дагуу Москвад дуудан аваачиж гэрийн хорионд байлгаж, албан тушаалаас нь огцруулах ажлыг зохион байгуулаад, оронд нь Амар нарыг ЕС-аар, Д.Догсомын Бага хурлын даргаар томилсон бөгөөд шинээр томилогдсон сайд дарга нарыг ч мөн дээрхийн адил гунигт тавилан хүлээж буйг хэрхэн гадарлаа билээ.
Ерөнхий сайд Гэндэнг  ЗСБНХУ-ын эрүүгийн хуулийн 58-6, 58-8, 58-11 гэсэн зүйл ангиар яллаж, ялын төлөвлөгөөг хаалттай, гэрчгүй хуралдаанаар батлан 1937 оны 11 сарын 26 ны өдөр Москва хотноо буудан хороосон юм.

Сталины цуст илдэн дор амиа алдсан нь
....Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр улс орны бүхэлд бүрхэж, хүмүүс бие биедээ итгэх нь бүү хэл сүүдрээ ч хардаж сэрдмээр халгаатай цаг үе байлаа. 1939 он гэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй олон мянган сэхээтэн, төрийн зүтгэлтэн, лам хуврагууд хороогдож, олон зууны соёлын өвийг өөртөө тээсэн сүм хийдүүдийн устгаж үндсэндээ дуусаад байлаа гэж “Москвад цаазлагдсан Монголын удирдагчид” номыг зохиогчид өгүүлжээ.
Ерөнхий сайд А. Амар, Улсын Бага хурлын дарга Д. Догсом,  Д.Лосол, С.Довчин  зэрэг ард олноо асар их нэр хүндтэй төрийн удирдах зүтгэлтнүүд 1939 он хүртэл энэхүү харгислалд хараахан өртөөгүй байсан боловч улаан хядлагын дансанд тэд аль хэдийнээ бүртгэгдснийг, цаазын цуст илд хэзээ мөдгүй толгойг нь авахаа анаж байсныг лавтайяа мэдээгүй буй за. Ерөнхий сайд  А.Амар 1939 оны 3-р сарын 7-нд баривчилагдснаас хойш яг дөрвөн сарын дараа Д.Догсомын ээлж иржээ.
1939 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Бямба гараг байв. Улсын Бага хурлын дарга Д.Догсом ажлаа тараад Богд-Уулын аманд дахь зусландаа ирээд, мөдхөн болох баяр наадмын бэлтгэл ажилтай танилцахаар Яармаг тийш явах гэж байтал “гэнэт ажил гарлаа, хурдан ир” гэж Ерөнхий сайд Х.Чойбалсан дуудуулжээ. Д.Догсом өөрийн жолооч Д.Адилбиш, комиссар  Гомбожав нарын хамт Засгийн газрын байрны гадаа ирэв.
Д.Догсом шууд Ерөнхий сайдын өрөөнд ороход Зөвлөлт Орос улсын төлөөлөгч Иванов, Додоод яамны орлогч сайд Жамбалдорж нар байсан гэдэг. Ерөнхий сайдын өрөөнөөс  Догсомыг Дотоодын хамгаалахын ногоон малгайтай хоёр хүн гараас нь барьж авч гараад үүдэнд тулж зогссон машинд суулган шоронд хорьжээ. Д.Догсомын баривчилсан тэр орой зуслангийн гэрт нь Дотоод яамныхан очиж, гэр орныг нь нэгжиж, эхнэр Цэрэнлхамын хамт хотын гэрт нь мөн ирж эд зүйлсийг нь хураан авсан бүртгэлийн баримт үйлдэж, гарын үсэг зураад нэг хувийг эхнэрт нь үлдээсэн нь өдгөө архив хадгалагдан үлджээ.
Маршалын жолоооч Сэнгэдорж: “ Маршал, Зөвлөлтийн төлөөлөгчийн газарт очоод тэнд маш их удсан. Гарч ирэхдээ царай нь бараантаж, санаа алдаад байсан” гэж Догсомын жолооч Адилбишид ярьсан байдаг.
1939 оны 7 сарын 11 ний өдөр Догсомоос ЗХУ-ны Дотоод хэргийн Ардын комиссариатын ажилтнууд байцаалт авсан протокол хэмээх хоёрхуудас баримт үлджээ. Түүнийг удалгүй Чита хотод аваачиж байцаасан бөгөөд 1939 оны 7-р сарын 16 –ны шөнийн 23 цагаас эхлэн өглөөний 4 цаг 55 минут хүртэл байцаахдаа тамлан зовоосон харгис хатуу эрүү шүүлтийн эцэст тэрбээр: ₮Би үнэхээр хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын гишүүн мөн. Японы талд орж явуулж байсан тагнуулын үйл ажиллагааныхаа талаар тодорхой мэдүүлэг өгөх болно” гэжээ. [i]
Ийнхүү харгисаар эрүүдүүлэн шүүгдэж байхдаа Догсом 53 нас хүрч байв. Түүнийг 1939 оны 8-9 сарын заагт тусгай харуул хамгаалалттайгаар Чита хотоос Мосвад авчирч Лефортово шоронд хорьж байгаад 1941 оны 7 дугаар сарын 8-нд ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн Коллегийн хаалттай шүүх хуралдаанаас Д.Догсомд ялын дээд хэмжээ буудан алах оноосон бөгөөд энэхүү ял нь давж заалдах эрхгүй болохыг тогтоолд заажээ.  Тогтоолыг 7-р сарын 27-нд гүйцэтгэсэн байдаг.
Д.Догсомд холбогдуулсан “хувьсгалын эсэргүү хэрэг” нь зохиомол зүйл байсныг тогтоож, ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаагаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Д.Догсомыг цагаатгаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны комиссын 1989 оны 9 сарын 18-ны хурлаар намын гишүүний эрхийг сэргээсэн гэдэг.
Ашигласан ном, хэвлэл, вебсайт:
Ч.Дашдаваа, С.Туяа, Москвад цаазлагдсан Монголын удирдагчид, 2011, УБ




[i] Ч.Дашдаваа, С.Туяа, Москвад цаазлагдсан Монголын удирдагчид, 2011, УБ


Monday, January 1, 2018

2018 онд Таныг юу хүлээж байна? Зурхай ерөнхий төлөв


Шинэ оны эхний өдөр үүнийг бичээд сууж байгаа нь магадгүй бүтэн жилийн турш завгүй байхын дохио байж мэдэх юм. Гэвч яахав, нэгэнт 17 оны төгсгөлийн өдрүүд хичээнгүйлэн сууж орчуулсан энэхүү зурхайг бусадтай хуваалцъюу гэж шийдлээ. 

Ирж буй 2018 он, одоогийн нөхцөл байдлаа өөрчлөхөөр шийдсэн олон хүний амьдралд эргэлт гаргах бүрэн шинэчлэлтийн босгон дээр ирснийг харуулах жил байх болно.  
2-р сарын 16 наас эхлэх Шороон шар нохой жил эх дэлхийн амьдралыг шинээр эмхэлж, гэр бүлийн үнэ цэн, хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг дэс дарааллын эхэнд авчрах нь ээ. 
Шар нохой жилийн үндсэн хандлага нь материаллаг болон оюун санааны байдлаа бэхжүүлж бататгах цаг юм. Өөрийн үйл хэргээ шударга,  нээлттэй, зөв гэдэгт баттай итгэдэг хэн бүхний ажил үйлсийг нохой жил ивээлдээ багтаах нь ээ. Шороон нохой жилд аливаа шударга үйлс, өөрийгөө хуурахгүй, зарчимдаа үнэнч зан чанар ихээхэн таалагдана.  
Харин ямар нэг байдлаар арга заль хэрэглэх оролдлого, эсвэл өөрийгөө хуурч, өрөөл бусдыг аргацаасан явуургүй чанар нь нөхцөл байдлыг улам дордуулах болно гэж зурхайн төөрөгт буужээ.

Нэгдүгээр сар бол огцом өөрчлөлтийн сар болно: Гэхдээ бүх зүйл сайн тал руугаа эргэнэ. Та бүхний анхаарлыг татах үйл явдлууд, үнэндээ та яг юу хүсээд байгаагийнхаа учрыг олоход туслах болно. Тиймээс, хэрэв та хэн нэгэнтэй салах ёс хийх эсвэл ямар нэг зүйлээс хагацах цаг ирсэн бол үүнд санаагаар унах хэрэггүй, учир нь энэ бүхэн бол илүү сайн, цоо шинэ эхлэлийг тавихын өмнөх цэвэрлэгээ юм.  

Хоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал хэн бүхэн зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй, бүх салбар, янз бүрийн ажил мэргэжлийн талбарт энэ бүхэн хамаарна.  Зарим нь сэтгэл зүйн байдлаа дээшлүүлэх, урам зориг, бүтээлч чанараа хөгжүүлэх зорилгоор өмнө төлөвлөж байснаа урагш ахиулахаар ажиллах бол, бусад нь шинэ салбарт судалгаа шинжилгээ хийх, эсвэл нэгэн хэвийн уйтгартай ажил байлаа ч түүндээ ихээхэн цаг эрч хүч зарцуулах бөгөөд энэ үед хийсэн ямар ч ажил дэмий хоосон цаг үрээгүй болохыг хожим ойлгох болно.
Хаврын адаг, зуны эхэн саруудад та бүхэн хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж, тарьсан үрээсээ ахиухан ургац хураах болсондоо баярлах цаг ирнэ.

Дөрөвдүгээр сар бол энэхүү Шороон нохой жилийн хамгийн тааламжтай сар байх ба энэ үед олонхийн сэтгэл санаа өөдрөг долгионы эрч хүчийг мэдэрч хайр дурлал, сайн сайн мөрөөдөл тэмүүлэлд автах нь ээ.  Дурласан, гэрлэсэн эсэхээс үл хамааран бүх хүний сэтгэлийг хавар цагийн дулаан зөөлөн уур амьсгал нөмөрнө. Хэдийнээ тогтвортой харилцаа үүсгэсэн хосуудадын сэтгэлийг хөгжөөх бас нэгэн сонирхолтой сюрприз тохиож магадгүй.

Зуны сарууд үйл явдлаар дүүрэн байна, ялангуяа бүтээлч ажлууд асар их баяр хөөр авчирна. Мөн энэ үед эрүүл мэндийн асуудлыг амжилттай шийдэх боломж олдох тул удаан хугацаанд хойш тавьсан зүйлээ хийх таатай үеийг алдалгүй барьж авахыг хичээ.
Шороон нохой жил санхүүгийн байдалдаа нухацтай ханддаг хэн бүхэнд хангалттай боломж олгох бөгөөд хадгалж нөөцлөх, орлогоо хуримтлуулах гэсэн хүн бүхнийг илэрхий сайшаан дэмжинэ. Энэ жил ганцаас бүх зүйл эхэлдгийг сануулах цаг болой.  

Есдүгээр сар бүхэлдээ, аравдугаар сарын эхний арав хоногт заримд нь, ялангуяа өнөө хүртэл хаашаа явж байгаагаа мэдэхгүй, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж чадаагүй хүмүүст бага зэрэг түгшүүртэй байдал үүсэж мэдэх юм. Үүсэн буй нөхцөл байдал нь бүхэлдээ, тэднийг зорилгоо тодорхой болгох, өөрийн гэсэн зүйлээ сонгох хэрэгтэй гэдгийг сануулах болно. Гэхдээ, тэгтлээ удаан бодох хэрэггүй, гагцхүү зүрх сэтгэлээ сайтар сонс, ингэхдээ ядаж л өөрсдөдөө сайхан санагдах зүйлээ хийгээд эхэл л гэсэн үг.

2018 оны намар бол олонхийн амьдралд эргэлт гарах үе: Аливаа өөрчлөлт шинэчлэлт хүмүүсийн сэтгэлд тааламжтай байдлыг бий болгох тул энэ үед хүмүүсийн хооронд өөдрөг нээлттэй харилцаа үүснэ. Магадгүй та бүхэн, өмнө хэзээ ч хүршгүй мэт санагддаг байсан тэр зүйлээ яг энэ үед мөрөөдөж, улмаар биелэх боломжтой харж болох юм.

Арванхоёр дугаар сар харьцангүй хөнгөн, хэдийгээр агаарын температур доошилсон ч сэтгэл санаа өөдрөг амгалан болж өнгөрөх нь ээ.  Гэр бүл, хайртай дотно хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулж, өөрийгөө хөгжүүлэх, дуртай зүйлээ хийх, хайртай хүмүүсээ эрхлүүлэхээ бүү мартаарай.

Дэлхийн дахинаа тохиох үйл явдал ба Гариг эрхэсийн хөдөлгөөний нөлөө..

Угтан ирж буй 2018 он хүмүүн бидэнд ямар учрал тохиолыг бэлэглэх хийгээд ирээдүй маань сэтгэл чилээх зүйлгүй амар амгалан байх нь уу гэдгийг урьдчилан мэдэхийг хүсэх нь хүний л ёс юм.  Зурхайч, одон орон судлаачдын дэвшүүлсэн таамаг зөгнөл нь учирч болзошгүй элдэв бэрхшээл саадыг тойрон гарах, шийдлийг урьдчилан хайхад хүмүүст туслах л зорилготой билээ.  
Оросын зурхайч, зөн билигтнүүд 2018 онд дэлхий дахинаа урьд өмнө хараахан тохиолдож байгаагүй хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй томоохон сүйрэл болно гэж зөгнөжээ.  
Энэ бол өнөө хүртэл хуримтлуулсан хүн төрөлхний үйлийн үр боловсорсон  хэрэг бөгөөд 2018 он тэрхүү хийсэн үйлийнхээ хариуг үзэх цаг тул тэгтлээ цочирдох хэрэггүй, хэзээ нэгэн цаг болох л ёстой зүйл, төлөх ёстой төлөөс үзвэл зохилтой гэсэн байх юм.

Од эрхэсийн хөдөлгөөнийг ажиж тухайн жилийн ерөнхий төлөв, хүмүүний амьдралын үйл явдлыг тодорхойлдог эртний Персийн зурхайгаар бол 2018 оны удирдагч гариг нь Меркурий буюу Буд гариг байх аж. Буд бол нарны аймгийн дагуулуудаас хамгийн хөдөлгөөн ихтэй гариг юм. Тиймээс удирдагч энэхүү гаригийн нөлөөн дор дэлхийн дахинаа гэнэтийн үйл явдлууд өрнөж, түүний гарцыг ч мөн удалгүй олж дээд хэмжээний уулзалт, хэлэлцэлийн замаар богино хугацаанд шийдээд явах бололтой.

2018 онд Буд гаригийн ухрах (retrograde motion) хөдөлгөөн жилд гурван удаа тус бүр гурван долоо хоног орчим үргэлжилдэг. Энэ онд:
- эхнийх нь 3 сарын 22 -ноос 4-р сарын дунд үе хүртэл,
- хоёр дахь нь 7-р сарын 26 -наас 8-р сарын 18 хүртэл,
- сүүлчийнх нь 11-р сарын 16-наас 12-р сарын 6-ыг хүртэл тус тус үргэжлэх юм.

Эдгээр үеүүдэд бизнес гэрээ хэлцээрийн асуудалд туйлын болгоомжтой байж, өнгөрсөн шийдвэрээ эргэн харах, алдаагаа залруулах шаардлага гарна.  Ялангуяа, 7-р сарын 26 -наас 8-р сарын 18 ныг хүртэлх  Буд гаригийн хоёр дахь ухрах хөдөлгөөний энэ үед нар, сарны хиртэлт давхар тохиох тул онцгой болгоомжтой байж, шинэ санааг ажил болгох, шинэ бизнес эхлэл гэж байгаа бол дахин дахин сайтар бодож үзээрэй. Энэ үед гаргасан алдаа урт хугацааны, холын үр дүнг хүргэх эрсдэлтэй тул аливаа харилцаа, гэрээ хэлэлцээр тун ухаалаг хандах нь зүйтэй.

Персийн одон зурхайд тэмдэглэсэн өөр нэгэн сануулга бол Сатурн буюу Санчир гаригийн нөлөө юм. Зарчимч байдал, эрүүл саруул сэтгэлгээ, ухаалаг тооцоотой хандлагыг дэмждэг Санчир гаригийг нөлөөгөөр сахилга хариуцлагатай, хямгач, ажил хэрэгч  аливаад сэтгэлийн хөөрлөөр бус зөв тооцоотой шийдвэрийг сайшаах бөгөөд харин дээрхийн эсрэг хандлага ялагдал хүлээх нигууртай. Нөгөөтэйгүүр, энэ гаригийн гол шинж чанар нь хязгаарлалт, ажил хэргийн харилцаанд хатуу дэг журам бөгөөд ерөнхийдөө хуучинсаг ёс журмыг баримтлахыг эрхэмлэдэг.
 Энэ удаа Санчир гариг байрлалаа өөрчилж, нумын ордноос матарын орд руу шилжинэ. Удаан, ул суурьтай, бат бэх байдлыг илэрхийлдэг энэ гариг ийнхүү 30 жилийн дараа өөрийн гэр - Матарын ордондоо шилжиж байгаа нь өмнөх он жилүүдийн үйл хэргээ цэгнэн үзэж, хуучнаа халах, зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг эхлүүлэх цаг болсныг сануулах аж.

Санчир гаригийн нөлөөгөөр, нийгмийн байдалд зарим зайлшгүй хязгаарлалт  хийхэд хүргэх ба хувь хүний тухайд бол, аливаа харилцаанд хариуцлагатай хандах, албан тушаал ахих дэвших тухай бодох буюу эсвэл нарийн мэргэжлийн ур чадвар эзэмших, боловсролоо дээшлүүлэх талаар нухацтай бодож эхлэх, үүний тулд уйгагүй  хөдөрмөрлөх цаг эрч хүчээ зориулахыг шаардана. Иймээс ирж буй 3 жилийн туршид санхүүгийн болон хувийн сахилга баттай, төлөвлөгөөтэй байж цагийн менежментийг дээд зэргээр баримтлахгүй бол алхам тутамдаа бэрхшээлтэй тулгарах нь ээ. Мөн аливаа бизнесийг өргөжүүлэх тухай бодохоос илүүтэй одоо байгаагаа сайжруулахад анхаарах нь дээр гэдгийг санууштай.

Нөгөөтэйгүүр Санчир гаригийн ухрах хөдөлгөөн 4 сарын 18-наас 9 -р сарын 6-ныг хүртэл үргэлжлэх энэ үед ялангуяа томоохон техник тоног төхөөрөмж, машин механизм бүхий үйлдвэр аж ахуйн газрууд аюулгүй ажиллагаандаа анхаарах хэрэгтэй. Тухайлбал, уул уурхай, олборлолтын үйлдвэр, агаарын тээврийн байгууллага зэрэг салбаруудад гэнэтийн асуудал үүсэх магадлал өндөр байна.
Ийнхүү дээрх хоёр гаригийн үзүүлэх нөлөө, хандлагаас үзэхэд, энэ жил олныг хамарсан үймээн шуугиан багагүй дэгдэх бөгөөд олон нийтийн сүлжээ энэ бүхэнд улам хүч нэмж салхи шуургыг нийгэмд дэгдээснээр ард олны тэмцэл хөдөлгөөн болон өргөжих хандлагатай тул алив асуудалд нухацтай хандаж, нийгмийн давалгаа, аливаа турхиралтад хэт автахгүйг хичээх нь зүйтэй.

Дорнын зурхай ёсоор Шар нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр болох 2018 оны 2-р сарын15-наас 16-нд шилжих шөнө Нарны хагас хиртэлт тохиож байна. Дорнын зурхайгаар, хэрэв шинийн нэгний өдөр нар хиртэлт тохиовол тухайн жилд холын үр дагаварт хүргэх ноцтой үйл хэргийг дагуулдаг гэж үздэг. Энэ нь сайн, эсвэл муугийн үр алин болох нь тухай хүн болоод улс орны бодлого үйл ажиллагаанаас шалтгаалах нь гарцаагүй боловч, ямартай ч өмнөх үйлийнхээ үрийг үзэх цаг тул аливаа гэнэтийн учрал тохиолд эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй гэнэм.     

Нохой жилд багаар ажиллах, хамтын үйл ажиллагаанд тэмцэл зөрчим багагүй тохиох боловч, нэгэн команд дор нэгдэж чаддаг хүмүүсийг ялалт ололт дагалдах бөгөөд удирдан чиглүүлэгч, манайлагчдын хувьд энэ жил зөвхөн амьжиргаагаа залгуулах төдий бус илүү дээд зорилго тэмүүлэлд хөтлөх болно.
Харин бусадтай хамтарч чаддаггүй, хувийн тоглолт хийхийг хүсдэг хүн энэ жил ганцаардал, цөхрөл амсах сайнгүй хандлага давамгайлна.
Мөн түүнчлэн удирдах алба хашдаг, өндөр суудал эрх мэдэл бүхий хүмүүс өөрийнхөө эргэн тойрноос дайсан хайгаад эхэлбэл түүний хариуд байдал эвгүйгээр эргэж, бүр цаашлаад нийгмийг системээр нь өөрчлөхөд чиглэсэн эсэргүүцэл тэмцэл болон өрнөх, холын үр дагавартай.

Хумхын ордыг удирддаг Уран гаригийн нөлөө энэ жил нэлээд хүчтэй мэдрэгдэнэ. Ертөнц дахинаараа Хумхын эриний эхэнд шилжснээс хойш үндэсний ухамсарт гарсан асар их өөрчлөлт улам бүр нүднээ илт болсоор байгаа бөгөөд энэ цаг үеийн хамгийн гол тренд нь системийг бүхэлд нураах, хүн төрөлхний бүтээж ирсэн соёл иргэншил сууриараа өөрчлөгдөх хандлагад хөтөлсөн үйл явдлууд 2018 оны намар 2019 оны өвлөөс эхлэн ажиглагдах болно.  Ялангуяа дорны зүгийн, гэр бүлийн угсаа залгамжилсан дэглэм ноёрхсон орнуудад дээрх бүхэн тодорхой илрэх төдийгүй мөн латин Америк болоод АНУ-ч мөн энэ өөрчлөлт хамаарна. Дийлэнх орнуудын улс төр, эдийн засгийн хүрээн энэ үед үүссэн нөхцөл байдлын үр дүн наад зах нь 33 жилийн туршид үргэлжлэх магадлалтай. Иймээс 2018 оны намар хамгийн халуун үйл явдал бүхий өдрүүд болох нь ээ. 

Энэ үед улс төрийн нөхцөл байдал улам хурцдаж, эсэрцүүцэн тэмцэгчдийн хөдөлгөөн улам илүү олон нийтийг хамарч, нийгмийг бүхэлд нь удирдан чиглүүлэх хүчин болж мэднэ. Гэхдээ тэдгээрээс хэн нь чухам хэн болох, нийгмийн байр суурь, эрх мэдлийн сууринд хэн нь гарч ирэх вэ гэдэг асуудал ирэх 30 гаруй жилийн туршид сунжран үргэлжлэх магадлалтай.

Мөн түүнчлэн энэ үед Уран (ухрах хөдөлгөөн) гаригийн нөлөөгөөр гэнэтийн үйл явдал, аваар осол, газар хөдлөлт, үер усны аюул гэх мэт байгалийн гамшиг нүүрлэх магадлалтай тул 8-р сарын 5-15 ны хооронд онцгой болгоомжтой байвал зохилтой.
Эдгээрээс бусад үед аливаа ажил үйл ажиллагаа хэвийн зохистойгоор өрнөх бөгөөд гагцхүү дээр дурьдсан сар өдрүүдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс бодох хэрэгтэй л гэсэн үг юм.

Ерөнхийдөө шороон мах бод бүхий ордууд болох Үхэр, Охин, Матарынханд 2018 он сорилт ихээр тулгарах боловч мөн ивээлээ үзүүлсээр байх нь ээ. Тэдний байгалиас заяасан тууштай,  тогтвортой зан чанар,  ажил хэрэгч, хариуцлагатай байдал бусдын талархалыг хүлээх болно.  Шороон мах бодын ордны төлөөллүүд энэ жил мэргэжлийн талбартаа өсөлт дэвшилд хүрэхийн зэрэгцээ материаллаг байдал, ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Өнгөрсөн жил тийм ч сайнгүй байсан хүмүүс тулгарсан бэрхшээл саадыг 2018 онд эцэслэн шийдэх боломж олдох агаад энэ үеэс тэдний итгэл урам зориг нэмэгдэх боловч гагцхүү сайхан  ирээдүйг зүгээр л хүлээн гар хумхин суусан тохиолдолд юу ч бүтэхгүй. Алтан агшиныг алдалгүй барьж авч, хувь заяагаа гартаа хатуу атгасан хүмүүст л энэ бүхэн боломжтой.

Усан мах бодтой Загас Мэлхий, Хилэнцийн ордныхны хувьд нөхцөл байдал илүү сайжрах тал руугаа эргэнэ. Дээрх ордныхны ихэнхэд ирж буй 2018 оны эхний хагас таатай байх нь ээ. Учир нь энэ үед Бархасбадь гариг усан мах бод бүхий ордод байрлах бөгөөд энэхүү ивээлиэй үеийг ашиглан аливаа санаачилгыг гартаа авах,удирдан манлайлах үүрэг авах, глобал төлөвлөгөө зохиох, эсвэл хувийн ямар нэгэн чухал шийдвэр гаргавал аз тохиох болно. Зарим нэгэн онцгой нөхцөл байдалд дасан зохицох, эсвэл сэтгэл санаа тавгүй байгаагийнхаа учир шалтгааны олохын тулд өөрийн ертөнцдөө чимээгүйхэн хэсэг байх хэрэгтэй болж магадгүй. 

Харин 2018 оны хоёрдугаар хагаст, Бархасвадь гариг нумын ордод шилжих үед
 гал мах бодтой ордууд болох Нум, Арслан, Хонины ордууд азтай байна. Гэхдээ, тэд  гагцхүү тодорхой удирдлага дор, багаар ажилладаг хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлдэг хүмүүсийг амжилт ололт дагалдах агаад  оны эцэс тэдний санхүү, ашиг орлого улам сайжирах болно. Харин бусдаас түрүүнд санаачилгыг гартаа авах гэсэн аливаа оролдлого дэмжигдэхгүй байх талтай.  2018 онд гал мах бодын ордны төлөөлөгчид  янз бүрийн  нөхцөл байдал дунд өрнөх төрөл бүрийн арга хэмжээ, үйл явдал дундаас тэд өөртөө хамгийн чухал гэснээ олж авах хүртлээ зогсолтгүй ажилласаар урагшилсаар хайсаар байх хэрэгтэй.

Хийн мах бодод хамаарах Ихэр, Хумх, Жинлүүрийн ордныхонд 2018 он сайн муу, амжилт, уналт хослосон жил байх болно. Тэд үргэлжийн хөдөлгөөн, өөрчлөлт дунд байх бөгөөд байгалиас заяасан уян хатан, хаана ч очсон хязгаарлалт хориг саадыг давах чадвараараа бусдаас ялгагдана. Бусадтай таатай харилцаа үүсгэх, бат бэх холбоо тогтоох чадвар нь тэдний аюулгүй байдлыг бататгаж  хүссэн талбартаа чөлөөтэй ажиллах боломжийг олгоно.


The source: