Монголд маань Цагаан сар болох гэж байх үед энд Карнавал наадам эхэлж байв. Манай битүүний орой эндэхийн Карнавал эхэлсэн тул гадагш гарч оройжин гудамжаар этгээд хачин хувцасласан эрчүүдийн зургийг дарах гэж баахан явлаа. Эрчүүдийг гэж онцолсны учир нь тэд хүүхэн болж хувирах их дуртай юм. Өндөр өсгийт өмсөж, ягаан ногоон үс зүүн, нүүрээ будаж гоодсон, бүдүүн нарийн, хөгшин залуу эрчүүд энд тэндгүй харагдаад тэр л дээ :) Гэвч олигтой болсонгүй ээ. Тэгээд бичлэг хийсэн нь энэ.
2-р сарын 8 нд эхэлсэн наадам өнөөдөр 28-ны өдөр хаалтын ажиллагаа гээд хаа сайгүй нөгөө л багтай, будагтай хүмүүс дүүрэн. Наадмын төгсгөлд нь ганц нэг гайгүй зураг оруулчих санаатай гудамжаар дахиад зөндөө алхлаа. Зарим нь зургаа авахуулах их дуртай. Сүүлийн хэд хоног бороотой, сэрүүн өдрүүд үргэлжилж байгаа нь багт наадамдаа нүцгэлж ирэгсдэд жаахан жиндсэн байж мэднэ.
Бүжиг наадам бол испани хэлт үндэстүүдийн соёлын гол илэрхийлэл. Африкийн хойд хэсгээс эхлээд Латин Америкийн бүх орнууд Аргентин, Бразил, Боливиа, Мексик, Венесуэл, Чили гээд л ...өөр хоорондоо бага зэрэг диалектийн ялгаатай испани хэлээр ярьдаг. Тиймээс, испани хэлт орны урлаг соёлын алдартнууд, ялангуяа дуучдын бүтээлийг youtube-ээс хайгаад үзээрэй, хандалтын тоо нь 300-400 саяар тоологдоно, (юун бидний, ганц саяын хандалтад баярлах,.. ингэж бодохоор бид хэтэрхий цөөхүүлээ юм...) Тэдний шүтэн биширдэг дуучдыг бид хэзээ ч сонсч байгаагүй, хэн болохыг нь ч огт мэдэхгүй.
Карнавалаас гадна, мөн Фламинго гэх испани хэлт орнуудын үндэсний соёлын нэгэн өвөрмөц бүжиг наадам байдаг. Фламинго бүжихэд хөлийн товшилт маш чухал. Товшилтоор өвөрмөц хөг аялгуу хэмнэл үүсгэх тул гутлын өсгийг тусгайд нь захиалж хийлдэг гэнэ. Фламинго бүжиглэгч хөгжмөө л мэдрэх ёстой, бусдаар бүжих үеийн хөдөлгөөн бол сүнснээс / тэнгэрээс, дээд оюун санаанаас/ илгээгдсэн өгөгдлийн дагуу гүйцэтгэгдэхээс бус бүжигчний өөрсдийнх нь бодож олсон дасгал сургуулиар бэлтгэсэн зүйл биш гэнэ. Ингэж үздэгээрээ манай тууль хайлах, эсвэл бөөгийн онгод ороход урсан гардаг уран хэллэгүүдтэй төстэй мэт.
Харин испаничуудын бусдаас ялгаруулдаг, эр зоригийн урлаг гэж үздэг matador (mata-алах, toro -бух гэсэн үгнээс бүтдэг) тулааны урлаг өнөөдөр ихээхэн шүүмжлэлтэй тулгарч, бараг зогсоход хүрээд байгаа юм байна. Учир нь матадор заавал бухыг алж тэмцээн өндөрлөх ёстой, хэр хурдан хугацаанд зовлон багатай алж чадна тэр "сайн" гэж үнэлэгдэн хөнөөгдсөн бухын чихээр шагнуулдаг, маш сайн гэж үнэлбэл хоёр чих, дээрээс нь сүүлийг нь нэмж өгдөг энэ тулааны урлаг Испанид 18-р зуунаас эхтэй. Алив тулааны урлаг, спортод гардаг гунигт түүүх энд мөн цөөнгүй агаад 1984 онд нэгэн алдарт тулаанч галзуурсан бухын дайралтад өртөн амиа алдаж байсан удаатай. Харин өдгөө үүнийг хэтэрхий хэрцгий урлаг гэхээс гадна амьтны амь таслахыг сонирхон үзэгсдийн тоо илт буурсан тул матадорууд ч тэгтлээ их орлоготой, нэр алдартай байхаа больжээ.
Бухын тулааныг эсэргүүцэгсэд, Испанийг алдаршуулах урлаг, соёлын олон төрөл байгаагийн дотроос хөл бөмбөг бол хангалттай олон жуулчдыг татах, орлого олох эх үүсвэр хэмээн үздэг.
No comments:
Post a Comment