Sunday, March 20, 2016

Бясалгагч хүний тархинд эерэг эмоцийн давтамж маш өндөр байдаг

Гран Канариад ирээд хамгийн түрүүнд Зэн нэртэй ресторан цөөнгүй байгааг анзаарлаа. Адил төстэй зүйл юу ч үгүй, буддизмыг тухай бол бүүр ч мэдэхгүй юм шиг санагдсан энэ газарт Зэн нэртэй газрууд буй нь сонирхол татсан хэрэг.  Зэн -нэрт эдгээр газрууд ихэвчлэн Япон ресторанууд байх юм. Зэн-гээр үйлчлүүлэгсэд хоромхон зуур ч атугай Буддизмын чухал элементийг мэдрээд гарч байвал энэхүү нэрийг зүүхийн утга учир нь тэр буюу.

 Азийн соёл, тэр дундаа буддизмын талаар энд ямар ч ойлголтгүй гэсний учир гэвэл, хамт суралцаж буй оюутнуудын ихэнх нь зүүн өмнөд болон дундад ази, латин америк, хойд африкийн лалын шашинт орнуудаас ирсэн, 98 хувь нь исламын шашинтнууд тул Буддизм гэдэг тэдний хувьд ердөө л "шовгор оройтой шавар баримал" гэж төсөөлдөг  (суврагыг хэлж байгаа юм), лалын шашны хатуу дүрэм журмаа машид эрхэмлэдэг, коран судраа цээжээр мэддэг тэд мухамедаас илүү бурхангүй гэж ойлгодог. Харин испаничуудын ихэнх нь католик шашинтай, тэд Далай лам гэж мэдэхээс өөрөөр Буддизмын талаар мөн ямар ч ойлголтгүй.  

  Энэ мэт өнгөц харахад, буддизмын тухай хэн ч мэддэггүй юм шиг санагдсан энэ газар Зэн-гийн доктор Сузукигийн номыг бүүр 1981 онд испаниар орчуулсныг номын санд олж харлаа. Даруй 30 гаруй жилийн өмнөөс Зэн- гэж юу болохыг танилцуулж эхэлж шүү дээ.  Гэтэл манайд хэзээнээс билээ? 2001 ??
Өнө эртний уламжлалт дорнын соёл, сэтгэлгээний өвөрмөц урлагийг таниулж мэдүүлэх оролдого ертөнцийн энэ хязгаарт хүртэл тэлжээ. Харин хэдий хэр гүнзгий мэдрэх ойлгох нь тухай хүний савны багтаамжаас шалтгаалах буй за.  
   
  Барууны сэтгэлгээгээр Зэн буддизмын утгыг ойлгоход түвэгтэй байж таарна. 
Зэнгийн тухай номнуудыг англи хэл дээр орчуулж буй тухай сонсоод Японы нэгэн Зэн багш: "Шал дэмий цагаа гарздаж байгаа юм байна даа. Хэрэв Зэнг үнэхээр ойлгосон бол... Библи уншсан ч болно, "Алиса гайхамшгийн оронд" -ыг ч уншиж болно. Хэлний толь бичиг ч үзэж болно. Учир нь юу гэвэл ... БОРООНЫ ДУСЛАХ ЧИМЭЭГ орчуулах шаардлагагүй байдаг юм" гэсэн юм гэнэ билээ.   

Зэнгийн утга нь өөрөө ямар нэгэн хариу үйлдэлгүйгээр, байгалийг ажиглах, мэдрэх. Хүн хоромхон хугацаанд  ч болов бодлоосоо ангижирч бясалгалын төлөвт оршихыг хэлээд байгаа хэрэг. 

Амьдралдаа 10 мянган цагаас дээш бясалгал хийсэн хүний тархийг MRI -о скандаж туршилт хийж үзэхэд тэдний зүүн тархины өмнөд хэсгийн гадаргууд эерэг эмоцийн давтамжийн түвшин маш өндөр болсон байсан нь баруун тархины үйлдвэрлэдэг сөрөг бодлын эрчмийг дарангуйлахад хүргэдэг болохыг тогтоосон байдаг гэж бичжээ. 
Тэгэхлээр, бясалгагч хүн илүү эерэг сэтгэлгээг түгээж байдгийн учир нь тэдний тархи сөрөг бодлын дарангуйлалд автахаа больчихсон, амьдралыг илүү гэгээтэй талаас нь хардаг, итгэлийн хүч буюу бодлын хүчээр сөрөг хандлагыг өөрчилж болдийг ухаарсанд байгаа юм. Хүн ерөөсөө бодлынхоо бүтээгдэхүүн гэдэг билээ. Чи юу бодно, амьдралаа ямар байна гэж төсөөлнө, тэр л чиний амьдралын хөтөлбөр чинь болоод явчихна л гэсэн үг. Тархиндаа ямар программ татаж суулгана, тэр чинь л ажиллаад эхэлж байгаа хэрэг л дээ. Өнөөдрийн манай нийгмийн сэтгэлгээг харахаар нэлээн бараандуу санагдаад байдаг. Гэлээ ч тэрхүү массаас ангид, эерэг мэдээллийг түгээгч, мэдсэн ухаарснаа хуваалцагч залуусын бүлэг, клубууд олноор бий болсон байна. Жишээ нь, Монголд Зэнг сонирхогчдын хүрээ тэлж, нийгмийн сүлжээнд Зэн бясалгагч залуус групп нээснийг олж үзээд тэдний мэдээллийг сонирхов. Нийгмийн бухимдал дээд цэгтээ тулж буй өнөө үед амьдралыг Зэн үүднээс харахыг хичээсэн залуусын ийм бүлгүүд аяндаа үүсч, зөв хандлагыг түгээж байгаа нь тун чухал. Амьдралын утга учрыг хайсан, өөрийгөө танихыг хүссэн, эрэлхийлэгч, бүтээлч уншигчдын хүрээг тэлж, олсон мэдсэнээ бусадтай хуваалцдаг нь ФБ-ын давуу тал нь. 
  
 Мэдрэхээс өөрөөр ойлгох аргагүй, ойлгосноо үгээр илэрхийлэх амаргүй энэ л Зэн гэдэг ойлголтыг өрнөдөд хүргэхийн өмнө буддизм дэх нууц тарнийн ид шид, мистик ба метафизик агууллага бүхий учир битүүлэг нууцын өөртөө агуулдаг Буддын нууц тарни гэж юу болохыг судлах ажил 20-р зууны эхнээс үндэс сууриа тавьж, Түвдийг зорьсон аялалыг бидний мэдэх Николай Рерих,  Блавацкая, Ферденанд Осендовски гэх мэт сүүлд нь буддизмд нэвт орсон алдартнууд түүчээлсэн байдаг.  
Энэ тухай багахан хэмжээний судалгааны нийтлэлээ удахгүй та бүхэнтэй хуваалцах болно.