Saturday, January 16, 2016

Канарын арал дээр мод тарив

2016 оны анхны модоо өчигдөр тарив. Хаа тэртээ Азийн Монголоос бөмбөрцгийн нөгөө бөөрөнд ирээд мод тарилцаад явж байх юм гэж өнгөрсөн жилийн өдийд бол төсөөлж ч яваагүй дээ.
Байгаль ээждээ сүслэж, сэтгэл сэргээн, бодол саруулсгах ер бусын хүчийг биширч явсны буян энэ буюу хэмээн өөрт учирсан тохиол бүхэнд талархнам.
Канарын арал дээр ирээд гурван сар хагас болчихож. Ирсэн зорилго маань эрдэм шинжилгээний ажил хэдий ч мөнөөх л байгаль дэлхий, ногоон үйлсийн төлөөх хобби маань сонирхол нэгт нөхдүүдтэй холбоод өгчихдөг юм байна. Хоббигоо дагаж энэ ажилд оролцсон минь Канарын арал дээр мод тарьсан анхны монгол хүн болж таарав. Билэг дэмбэрэлтэй л юм.
Ер нь монголчууд энэ арлууд дээр цөөн ирдэг бололтой. Уулзаж ярилцсан хүмүүсийн олонхи нь монгол хүнтэй анх удаа уулзаж байна гэх.

Өглөө эртлэн Лас Палмас -хотоос гарч машинаар нэг цаг хагас орчим дахиад Finca de Osorio нэртэй нэгэн буйдхан дүүрэгт ирсэн нь манайхаар бол хотын захиргааны /Municipality of Tero/ харьяа мод үржүүлгийн газар гэнэ. Анх Испаничуудыг ирж суурьших үед энэ газар, /Palm/ дал модон ойн битүү шугуй байсан, хожим нь бүрэн устгаж дуусаад, дахин нөхөн сэргээсэн нь энэ гэж биднийг дагуулж явсан Fundación FORESTA компанийн захирал Sergio Armas ярилаа. Эргэн тойронд дулаан бүсийн мөнх ногоон дал модод урьд нь хүний гараар устгагдаж байсан гэмээргүй, уугуул төрхөөрөө орчныг чимэх аж. Ингэхэд, монголчууд хаа байсан халуун орны /Palm- дал мод, далдуу мод, banana-гадил гм. / мод, жимсэнд хүртэл монгол нэрээ өгчихсөн байдаг нь дэлхийн эзэн явсны улбаа шүү гэж дотроо сэмхэн бардамнан бодов.



Орчин тойрныг нь аятайхан тохижуулсан энэ газарт цөөн хэдэн хүн ажиллаж, мод бут үржүүлж арчилдаг байна. Халуун дулаан уур амьсгалтай оронд мод тарих ажил манайхаас арай өөр. Намар 10-р сараас хавар 5 сарыг дуустал үргэлжилдэг. Одоо өвөл болж бороо хур багасдаг цаг тул мод тарихад хамгийн тохиромжтой үе гэнэ. Өнөөдөр энд + 22 байлаа. Өвлийн улиралд хамгийн хүйтэн нь +15 хэм хүрдэг, харин хоёр жилийн өмнө бүр +10 хүрч, уулаараа цас орж байсан удаа ч бий гэнэ. Харин өнөө өвөл урьдынхаас илүү дулаан байна гэв. Үнэхээр ч тийм бололтой. Европын зарим оронд зул сарын баярын өмнөхөн гудамж талбайд цэцэгс дэлбээлэн, цомирлогоо нээж эхэлсэн байсан. Байгаль цаг уурын эрс өөрчлөлтийг хүн зохицуулж чадахгүйгээс хойш дасан зохицох, болж өгвөл нэмж хөнөөхгүйгээр хадгалах ганцхан арга зам л үлдэж. Харин нэгэнт хөнөөж сүйтгэсэнээ нөхөн сэргээх, мод тарих нь бол хүн бүрийн хийж чадах ажил, хувь нэмрээ оруулах ганц боломж.

Өнөөдрийн мод тарих "ажлыг нугалах гол хүч" нь хүрз барьж, хөрс шороо ухахад арай балчирдахаар 8 настай багачууд, тэдгээрийг удирдаж яваа 3 багш байлаа.

Эхлээд хүүхдүүдэд мод хэрхэн тарих тухай зааврыг Fundación FORESTA компанийн Sergio Armas өгөөд, төгсгөлд нь, тарьсан модныхоо гадуур ийм торон хамгаалалт хийнэ хэмээн хамгаалагч тор гартаа өргөж харуулснаа:
"модоо юунаас хамгаалдаг байх нь вэ" гэвэл, 
нэг бяцхан хүүхэд: 
"сексээс" гэв. 
Өөр нэг нь "анаашнаас" гэнэ. 
Sergio Armas: "Манай нутагт анааш байдаг билүү?"
 Хүүхдүүд: "байхгүй ий" :) :) :)    
Эндэхийн хүүхдүүдийг хараад байхнээ, манай багачуудыг бодвол нэлээд бишүүрхэнгүй, бужигнаж шуугилдах нь харьцангуй бага, багш болон томчуудын заавснаар хийх гэж хичээвч хүрзээ даахгүй "бяцханууд" юм аа.  
smile emoticon
Ингээд нэг хүү охин хоёртой хамтарч гурвуулаа 3 мод суулгалаа. Байгаль цаг уурын таатай нөхцөлтэй, жилийн дөрвөн улиралд үргэлж нартай байдаг, өвөлдөө хамгийн хүйтэн нь нэмэх 15-18 хэмээс буурдаггүй ийм газар мод бут, жимс ногоо өчүүхэн санаа тавихад л өөрөө аяндаа ургачихдаг бололтой.







1 comment: