Monday, January 1, 2018

2018 онд Таныг юу хүлээж байна? Зурхай ерөнхий төлөв


Шинэ оны эхний өдөр үүнийг бичээд сууж байгаа нь магадгүй бүтэн жилийн турш завгүй байхын дохио байж мэдэх юм. Гэвч яахав, нэгэнт 17 оны төгсгөлийн өдрүүд хичээнгүйлэн сууж орчуулсан энэхүү зурхайг бусадтай хуваалцъюу гэж шийдлээ. 

Ирж буй 2018 он, одоогийн нөхцөл байдлаа өөрчлөхөөр шийдсэн олон хүний амьдралд эргэлт гаргах бүрэн шинэчлэлтийн босгон дээр ирснийг харуулах жил байх болно.  
2-р сарын 16 наас эхлэх Шороон шар нохой жил эх дэлхийн амьдралыг шинээр эмхэлж, гэр бүлийн үнэ цэн, хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг дэс дарааллын эхэнд авчрах нь ээ. 
Шар нохой жилийн үндсэн хандлага нь материаллаг болон оюун санааны байдлаа бэхжүүлж бататгах цаг юм. Өөрийн үйл хэргээ шударга,  нээлттэй, зөв гэдэгт баттай итгэдэг хэн бүхний ажил үйлсийг нохой жил ивээлдээ багтаах нь ээ. Шороон нохой жилд аливаа шударга үйлс, өөрийгөө хуурахгүй, зарчимдаа үнэнч зан чанар ихээхэн таалагдана.  
Харин ямар нэг байдлаар арга заль хэрэглэх оролдлого, эсвэл өөрийгөө хуурч, өрөөл бусдыг аргацаасан явуургүй чанар нь нөхцөл байдлыг улам дордуулах болно гэж зурхайн төөрөгт буужээ.

Нэгдүгээр сар бол огцом өөрчлөлтийн сар болно: Гэхдээ бүх зүйл сайн тал руугаа эргэнэ. Та бүхний анхаарлыг татах үйл явдлууд, үнэндээ та яг юу хүсээд байгаагийнхаа учрыг олоход туслах болно. Тиймээс, хэрэв та хэн нэгэнтэй салах ёс хийх эсвэл ямар нэг зүйлээс хагацах цаг ирсэн бол үүнд санаагаар унах хэрэггүй, учир нь энэ бүхэн бол илүү сайн, цоо шинэ эхлэлийг тавихын өмнөх цэвэрлэгээ юм.  

Хоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал хэн бүхэн зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй, бүх салбар, янз бүрийн ажил мэргэжлийн талбарт энэ бүхэн хамаарна.  Зарим нь сэтгэл зүйн байдлаа дээшлүүлэх, урам зориг, бүтээлч чанараа хөгжүүлэх зорилгоор өмнө төлөвлөж байснаа урагш ахиулахаар ажиллах бол, бусад нь шинэ салбарт судалгаа шинжилгээ хийх, эсвэл нэгэн хэвийн уйтгартай ажил байлаа ч түүндээ ихээхэн цаг эрч хүч зарцуулах бөгөөд энэ үед хийсэн ямар ч ажил дэмий хоосон цаг үрээгүй болохыг хожим ойлгох болно.
Хаврын адаг, зуны эхэн саруудад та бүхэн хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж, тарьсан үрээсээ ахиухан ургац хураах болсондоо баярлах цаг ирнэ.

Дөрөвдүгээр сар бол энэхүү Шороон нохой жилийн хамгийн тааламжтай сар байх ба энэ үед олонхийн сэтгэл санаа өөдрөг долгионы эрч хүчийг мэдэрч хайр дурлал, сайн сайн мөрөөдөл тэмүүлэлд автах нь ээ.  Дурласан, гэрлэсэн эсэхээс үл хамааран бүх хүний сэтгэлийг хавар цагийн дулаан зөөлөн уур амьсгал нөмөрнө. Хэдийнээ тогтвортой харилцаа үүсгэсэн хосуудадын сэтгэлийг хөгжөөх бас нэгэн сонирхолтой сюрприз тохиож магадгүй.

Зуны сарууд үйл явдлаар дүүрэн байна, ялангуяа бүтээлч ажлууд асар их баяр хөөр авчирна. Мөн энэ үед эрүүл мэндийн асуудлыг амжилттай шийдэх боломж олдох тул удаан хугацаанд хойш тавьсан зүйлээ хийх таатай үеийг алдалгүй барьж авахыг хичээ.
Шороон нохой жил санхүүгийн байдалдаа нухацтай ханддаг хэн бүхэнд хангалттай боломж олгох бөгөөд хадгалж нөөцлөх, орлогоо хуримтлуулах гэсэн хүн бүхнийг илэрхий сайшаан дэмжинэ. Энэ жил ганцаас бүх зүйл эхэлдгийг сануулах цаг болой.  

Есдүгээр сар бүхэлдээ, аравдугаар сарын эхний арав хоногт заримд нь, ялангуяа өнөө хүртэл хаашаа явж байгаагаа мэдэхгүй, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж чадаагүй хүмүүст бага зэрэг түгшүүртэй байдал үүсэж мэдэх юм. Үүсэн буй нөхцөл байдал нь бүхэлдээ, тэднийг зорилгоо тодорхой болгох, өөрийн гэсэн зүйлээ сонгох хэрэгтэй гэдгийг сануулах болно. Гэхдээ, тэгтлээ удаан бодох хэрэггүй, гагцхүү зүрх сэтгэлээ сайтар сонс, ингэхдээ ядаж л өөрсдөдөө сайхан санагдах зүйлээ хийгээд эхэл л гэсэн үг.

2018 оны намар бол олонхийн амьдралд эргэлт гарах үе: Аливаа өөрчлөлт шинэчлэлт хүмүүсийн сэтгэлд тааламжтай байдлыг бий болгох тул энэ үед хүмүүсийн хооронд өөдрөг нээлттэй харилцаа үүснэ. Магадгүй та бүхэн, өмнө хэзээ ч хүршгүй мэт санагддаг байсан тэр зүйлээ яг энэ үед мөрөөдөж, улмаар биелэх боломжтой харж болох юм.

Арванхоёр дугаар сар харьцангүй хөнгөн, хэдийгээр агаарын температур доошилсон ч сэтгэл санаа өөдрөг амгалан болж өнгөрөх нь ээ.  Гэр бүл, хайртай дотно хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулж, өөрийгөө хөгжүүлэх, дуртай зүйлээ хийх, хайртай хүмүүсээ эрхлүүлэхээ бүү мартаарай.

Дэлхийн дахинаа тохиох үйл явдал ба Гариг эрхэсийн хөдөлгөөний нөлөө..

Угтан ирж буй 2018 он хүмүүн бидэнд ямар учрал тохиолыг бэлэглэх хийгээд ирээдүй маань сэтгэл чилээх зүйлгүй амар амгалан байх нь уу гэдгийг урьдчилан мэдэхийг хүсэх нь хүний л ёс юм.  Зурхайч, одон орон судлаачдын дэвшүүлсэн таамаг зөгнөл нь учирч болзошгүй элдэв бэрхшээл саадыг тойрон гарах, шийдлийг урьдчилан хайхад хүмүүст туслах л зорилготой билээ.  
Оросын зурхайч, зөн билигтнүүд 2018 онд дэлхий дахинаа урьд өмнө хараахан тохиолдож байгаагүй хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй томоохон сүйрэл болно гэж зөгнөжээ.  
Энэ бол өнөө хүртэл хуримтлуулсан хүн төрөлхний үйлийн үр боловсорсон  хэрэг бөгөөд 2018 он тэрхүү хийсэн үйлийнхээ хариуг үзэх цаг тул тэгтлээ цочирдох хэрэггүй, хэзээ нэгэн цаг болох л ёстой зүйл, төлөх ёстой төлөөс үзвэл зохилтой гэсэн байх юм.

Од эрхэсийн хөдөлгөөнийг ажиж тухайн жилийн ерөнхий төлөв, хүмүүний амьдралын үйл явдлыг тодорхойлдог эртний Персийн зурхайгаар бол 2018 оны удирдагч гариг нь Меркурий буюу Буд гариг байх аж. Буд бол нарны аймгийн дагуулуудаас хамгийн хөдөлгөөн ихтэй гариг юм. Тиймээс удирдагч энэхүү гаригийн нөлөөн дор дэлхийн дахинаа гэнэтийн үйл явдлууд өрнөж, түүний гарцыг ч мөн удалгүй олж дээд хэмжээний уулзалт, хэлэлцэлийн замаар богино хугацаанд шийдээд явах бололтой.

2018 онд Буд гаригийн ухрах (retrograde motion) хөдөлгөөн жилд гурван удаа тус бүр гурван долоо хоног орчим үргэлжилдэг. Энэ онд:
- эхнийх нь 3 сарын 22 -ноос 4-р сарын дунд үе хүртэл,
- хоёр дахь нь 7-р сарын 26 -наас 8-р сарын 18 хүртэл,
- сүүлчийнх нь 11-р сарын 16-наас 12-р сарын 6-ыг хүртэл тус тус үргэжлэх юм.

Эдгээр үеүүдэд бизнес гэрээ хэлцээрийн асуудалд туйлын болгоомжтой байж, өнгөрсөн шийдвэрээ эргэн харах, алдаагаа залруулах шаардлага гарна.  Ялангуяа, 7-р сарын 26 -наас 8-р сарын 18 ныг хүртэлх  Буд гаригийн хоёр дахь ухрах хөдөлгөөний энэ үед нар, сарны хиртэлт давхар тохиох тул онцгой болгоомжтой байж, шинэ санааг ажил болгох, шинэ бизнес эхлэл гэж байгаа бол дахин дахин сайтар бодож үзээрэй. Энэ үед гаргасан алдаа урт хугацааны, холын үр дүнг хүргэх эрсдэлтэй тул аливаа харилцаа, гэрээ хэлэлцээр тун ухаалаг хандах нь зүйтэй.

Персийн одон зурхайд тэмдэглэсэн өөр нэгэн сануулга бол Сатурн буюу Санчир гаригийн нөлөө юм. Зарчимч байдал, эрүүл саруул сэтгэлгээ, ухаалаг тооцоотой хандлагыг дэмждэг Санчир гаригийг нөлөөгөөр сахилга хариуцлагатай, хямгач, ажил хэрэгч  аливаад сэтгэлийн хөөрлөөр бус зөв тооцоотой шийдвэрийг сайшаах бөгөөд харин дээрхийн эсрэг хандлага ялагдал хүлээх нигууртай. Нөгөөтэйгүүр, энэ гаригийн гол шинж чанар нь хязгаарлалт, ажил хэргийн харилцаанд хатуу дэг журам бөгөөд ерөнхийдөө хуучинсаг ёс журмыг баримтлахыг эрхэмлэдэг.
 Энэ удаа Санчир гариг байрлалаа өөрчилж, нумын ордноос матарын орд руу шилжинэ. Удаан, ул суурьтай, бат бэх байдлыг илэрхийлдэг энэ гариг ийнхүү 30 жилийн дараа өөрийн гэр - Матарын ордондоо шилжиж байгаа нь өмнөх он жилүүдийн үйл хэргээ цэгнэн үзэж, хуучнаа халах, зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг эхлүүлэх цаг болсныг сануулах аж.

Санчир гаригийн нөлөөгөөр, нийгмийн байдалд зарим зайлшгүй хязгаарлалт  хийхэд хүргэх ба хувь хүний тухайд бол, аливаа харилцаанд хариуцлагатай хандах, албан тушаал ахих дэвших тухай бодох буюу эсвэл нарийн мэргэжлийн ур чадвар эзэмших, боловсролоо дээшлүүлэх талаар нухацтай бодож эхлэх, үүний тулд уйгагүй  хөдөрмөрлөх цаг эрч хүчээ зориулахыг шаардана. Иймээс ирж буй 3 жилийн туршид санхүүгийн болон хувийн сахилга баттай, төлөвлөгөөтэй байж цагийн менежментийг дээд зэргээр баримтлахгүй бол алхам тутамдаа бэрхшээлтэй тулгарах нь ээ. Мөн аливаа бизнесийг өргөжүүлэх тухай бодохоос илүүтэй одоо байгаагаа сайжруулахад анхаарах нь дээр гэдгийг санууштай.

Нөгөөтэйгүүр Санчир гаригийн ухрах хөдөлгөөн 4 сарын 18-наас 9 -р сарын 6-ныг хүртэл үргэлжлэх энэ үед ялангуяа томоохон техник тоног төхөөрөмж, машин механизм бүхий үйлдвэр аж ахуйн газрууд аюулгүй ажиллагаандаа анхаарах хэрэгтэй. Тухайлбал, уул уурхай, олборлолтын үйлдвэр, агаарын тээврийн байгууллага зэрэг салбаруудад гэнэтийн асуудал үүсэх магадлал өндөр байна.
Ийнхүү дээрх хоёр гаригийн үзүүлэх нөлөө, хандлагаас үзэхэд, энэ жил олныг хамарсан үймээн шуугиан багагүй дэгдэх бөгөөд олон нийтийн сүлжээ энэ бүхэнд улам хүч нэмж салхи шуургыг нийгэмд дэгдээснээр ард олны тэмцэл хөдөлгөөн болон өргөжих хандлагатай тул алив асуудалд нухацтай хандаж, нийгмийн давалгаа, аливаа турхиралтад хэт автахгүйг хичээх нь зүйтэй.

Дорнын зурхай ёсоор Шар нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр болох 2018 оны 2-р сарын15-наас 16-нд шилжих шөнө Нарны хагас хиртэлт тохиож байна. Дорнын зурхайгаар, хэрэв шинийн нэгний өдөр нар хиртэлт тохиовол тухайн жилд холын үр дагаварт хүргэх ноцтой үйл хэргийг дагуулдаг гэж үздэг. Энэ нь сайн, эсвэл муугийн үр алин болох нь тухай хүн болоод улс орны бодлого үйл ажиллагаанаас шалтгаалах нь гарцаагүй боловч, ямартай ч өмнөх үйлийнхээ үрийг үзэх цаг тул аливаа гэнэтийн учрал тохиолд эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй гэнэм.     

Нохой жилд багаар ажиллах, хамтын үйл ажиллагаанд тэмцэл зөрчим багагүй тохиох боловч, нэгэн команд дор нэгдэж чаддаг хүмүүсийг ялалт ололт дагалдах бөгөөд удирдан чиглүүлэгч, манайлагчдын хувьд энэ жил зөвхөн амьжиргаагаа залгуулах төдий бус илүү дээд зорилго тэмүүлэлд хөтлөх болно.
Харин бусадтай хамтарч чаддаггүй, хувийн тоглолт хийхийг хүсдэг хүн энэ жил ганцаардал, цөхрөл амсах сайнгүй хандлага давамгайлна.
Мөн түүнчлэн удирдах алба хашдаг, өндөр суудал эрх мэдэл бүхий хүмүүс өөрийнхөө эргэн тойрноос дайсан хайгаад эхэлбэл түүний хариуд байдал эвгүйгээр эргэж, бүр цаашлаад нийгмийг системээр нь өөрчлөхөд чиглэсэн эсэргүүцэл тэмцэл болон өрнөх, холын үр дагавартай.

Хумхын ордыг удирддаг Уран гаригийн нөлөө энэ жил нэлээд хүчтэй мэдрэгдэнэ. Ертөнц дахинаараа Хумхын эриний эхэнд шилжснээс хойш үндэсний ухамсарт гарсан асар их өөрчлөлт улам бүр нүднээ илт болсоор байгаа бөгөөд энэ цаг үеийн хамгийн гол тренд нь системийг бүхэлд нураах, хүн төрөлхний бүтээж ирсэн соёл иргэншил сууриараа өөрчлөгдөх хандлагад хөтөлсөн үйл явдлууд 2018 оны намар 2019 оны өвлөөс эхлэн ажиглагдах болно.  Ялангуяа дорны зүгийн, гэр бүлийн угсаа залгамжилсан дэглэм ноёрхсон орнуудад дээрх бүхэн тодорхой илрэх төдийгүй мөн латин Америк болоод АНУ-ч мөн энэ өөрчлөлт хамаарна. Дийлэнх орнуудын улс төр, эдийн засгийн хүрээн энэ үед үүссэн нөхцөл байдлын үр дүн наад зах нь 33 жилийн туршид үргэлжлэх магадлалтай. Иймээс 2018 оны намар хамгийн халуун үйл явдал бүхий өдрүүд болох нь ээ. 

Энэ үед улс төрийн нөхцөл байдал улам хурцдаж, эсэрцүүцэн тэмцэгчдийн хөдөлгөөн улам илүү олон нийтийг хамарч, нийгмийг бүхэлд нь удирдан чиглүүлэх хүчин болж мэднэ. Гэхдээ тэдгээрээс хэн нь чухам хэн болох, нийгмийн байр суурь, эрх мэдлийн сууринд хэн нь гарч ирэх вэ гэдэг асуудал ирэх 30 гаруй жилийн туршид сунжран үргэлжлэх магадлалтай.

Мөн түүнчлэн энэ үед Уран (ухрах хөдөлгөөн) гаригийн нөлөөгөөр гэнэтийн үйл явдал, аваар осол, газар хөдлөлт, үер усны аюул гэх мэт байгалийн гамшиг нүүрлэх магадлалтай тул 8-р сарын 5-15 ны хооронд онцгой болгоомжтой байвал зохилтой.
Эдгээрээс бусад үед аливаа ажил үйл ажиллагаа хэвийн зохистойгоор өрнөх бөгөөд гагцхүү дээр дурьдсан сар өдрүүдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс бодох хэрэгтэй л гэсэн үг юм.

Ерөнхийдөө шороон мах бод бүхий ордууд болох Үхэр, Охин, Матарынханд 2018 он сорилт ихээр тулгарах боловч мөн ивээлээ үзүүлсээр байх нь ээ. Тэдний байгалиас заяасан тууштай,  тогтвортой зан чанар,  ажил хэрэгч, хариуцлагатай байдал бусдын талархалыг хүлээх болно.  Шороон мах бодын ордны төлөөллүүд энэ жил мэргэжлийн талбартаа өсөлт дэвшилд хүрэхийн зэрэгцээ материаллаг байдал, ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Өнгөрсөн жил тийм ч сайнгүй байсан хүмүүс тулгарсан бэрхшээл саадыг 2018 онд эцэслэн шийдэх боломж олдох агаад энэ үеэс тэдний итгэл урам зориг нэмэгдэх боловч гагцхүү сайхан  ирээдүйг зүгээр л хүлээн гар хумхин суусан тохиолдолд юу ч бүтэхгүй. Алтан агшиныг алдалгүй барьж авч, хувь заяагаа гартаа хатуу атгасан хүмүүст л энэ бүхэн боломжтой.

Усан мах бодтой Загас Мэлхий, Хилэнцийн ордныхны хувьд нөхцөл байдал илүү сайжрах тал руугаа эргэнэ. Дээрх ордныхны ихэнхэд ирж буй 2018 оны эхний хагас таатай байх нь ээ. Учир нь энэ үед Бархасбадь гариг усан мах бод бүхий ордод байрлах бөгөөд энэхүү ивээлиэй үеийг ашиглан аливаа санаачилгыг гартаа авах,удирдан манлайлах үүрэг авах, глобал төлөвлөгөө зохиох, эсвэл хувийн ямар нэгэн чухал шийдвэр гаргавал аз тохиох болно. Зарим нэгэн онцгой нөхцөл байдалд дасан зохицох, эсвэл сэтгэл санаа тавгүй байгаагийнхаа учир шалтгааны олохын тулд өөрийн ертөнцдөө чимээгүйхэн хэсэг байх хэрэгтэй болж магадгүй. 

Харин 2018 оны хоёрдугаар хагаст, Бархасвадь гариг нумын ордод шилжих үед
 гал мах бодтой ордууд болох Нум, Арслан, Хонины ордууд азтай байна. Гэхдээ, тэд  гагцхүү тодорхой удирдлага дор, багаар ажилладаг хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлдэг хүмүүсийг амжилт ололт дагалдах агаад  оны эцэс тэдний санхүү, ашиг орлого улам сайжирах болно. Харин бусдаас түрүүнд санаачилгыг гартаа авах гэсэн аливаа оролдлого дэмжигдэхгүй байх талтай.  2018 онд гал мах бодын ордны төлөөлөгчид  янз бүрийн  нөхцөл байдал дунд өрнөх төрөл бүрийн арга хэмжээ, үйл явдал дундаас тэд өөртөө хамгийн чухал гэснээ олж авах хүртлээ зогсолтгүй ажилласаар урагшилсаар хайсаар байх хэрэгтэй.

Хийн мах бодод хамаарах Ихэр, Хумх, Жинлүүрийн ордныхонд 2018 он сайн муу, амжилт, уналт хослосон жил байх болно. Тэд үргэлжийн хөдөлгөөн, өөрчлөлт дунд байх бөгөөд байгалиас заяасан уян хатан, хаана ч очсон хязгаарлалт хориг саадыг давах чадвараараа бусдаас ялгагдана. Бусадтай таатай харилцаа үүсгэх, бат бэх холбоо тогтоох чадвар нь тэдний аюулгүй байдлыг бататгаж  хүссэн талбартаа чөлөөтэй ажиллах боломжийг олгоно.


The source: