Үнэндээ, зүтгэл сэтгэлээ өгөн байж тарьсан модод маань ургадаг бол уу яадаг бол, усална гэж амласан нөхөд хэлсэнээрээ хийх бол уу гэж санааширсаар, бүүр зүүдэлж байсан удаа бий. Нэг хөөрхөн бяцхан нахиа дэлгэрчихэж гэж зүүдэлж сэрээд, Түмэнцогтын залуу Түвшинбаяр руу мэссэждэж, модны зураг оруулаач гэж зөндөө гуйсан. Гуйлтыг маань харин тэр сая биелүүллээ. Нэгэнт мод маань ургаад эхэлсэн тул энэ ажлыг зохион байгуулах явцад тохиосон элдэв сониноос хуваалцая.
Санасан ёсоор үйлс бүтэх үе байхад, саад болох гэсэн нэгэн бас байх...
Зүгээр л "бор" зүрх, "цагаан" сэтгэлээр байгаль хамгаалахын төлөө зүтгэдэг бидний хэдэн нөхөд нийлээд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд мод тарих аян өрнүүлж өнгөрсөн дөрвөөс тавдугаар сарын турш нийгмийн сүлжээгээр дамжуулан зар түгээж, хандив мөнгө цуглуулах бөөн ажил ундаруулсан юм.
Энэ хавар манай зүүн бүсэд хээрийн түймрийн гамшиг онцгой нүүрлэснийг хэлэх үү. Дөрөвдүгээр сард Түмэнцогт сумын хойд талаас /Хэнтийн хойд сумд руу Оросоос ирсэн гэж нутгийнхан ярьсан/ орсон түймэр газар нутгийнх нь 90 хувийг хуйхалчихсан юм. Сумын төвөөс ердөө 200-гаад метрт тулж ирсэн гээд бод доо!!! Зайлшгүй тохиолдоход хоргодох байр болгож хүүхэд хөгшдийгөө сумын Соёлын төвдөө бөөгнүүлж байсан байгаа юм даа.
Байдал ийнхүү түгшүүртэй болсон тул дэлхийн өнцөг булан бүрээс монголчууд маань чин сэтгэлийн хандив өргөж орон гэргүй болсон, түймэрт малаа алдсан өрхүүдэд тусалж эхэлсэн .
Харин бид яаж тусалж чадах билээ гэж ярилцаад, хүн хүндээ туслах ажлыг бусад байгууллага нэгэнт хийчихсэн тул одоо бид байгаль эх, газар шорооны шархыг илааршуулахад хувь нэмрээ оруулья гэж шийдсэн юм.
Ингээд бүтэн нэг сар хагасын турш бэлтгэж, нийгмийн сүлжээнд хандив өргөх, хамтарч оролцохыг уриалж, мэдээллээ байршууллаа. Өөрсдийн нөөц боломжоороо нэлээд хэдэн зуун мод /суулгац/ авчихсан, харин дээрх сумдад хүргэх унаа, шатахуун болоод багийн 7-8 хүний байр хоолны зардалд нэмэр хандив болж магад хэмээн санаж БО иргэдийн санаачилгыг дэмждэг гэх олон улсын 5-6 байгууллагад хандаж, захидал бичиг барьж зөндөө гүйлээ. Олон улсын байгууллагууд ихэнх нь: "их сайхан ажил санаачилжээ, баяр хүргэе. Даанч ...боломжгүй, уучлаарай, дараа холбогдоорой" гэсэн хариу өгнө. Ингэхдээ ядаж л эелдэг царайлан инээмсэглэхээ мартахгүй ээ, хөөрхий бас ч гэж.
Гэтэл тэдэн дунд бүдүүлэг хандах нэгэн ч бас байх аж. Мод тарих, байгадь хамгаалах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/ гийнхан гарцаагүй дэмжиж таараа, тэгээд ч Түмэнцогтын Хар ямаатын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт /ТХБЦГ/ мод тарих тул бүүр ч илүү хамаатай гэж ярилцаад мөнөөх л бичгээ бариад очлоо. Хариу өгөх мэдэл бүхий албан тушаалтнууд нь байсангүй. Маргааш нь утсаар асуувал, ДБХС Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Мөнхчулуун гэдэг эмэгтэй: "Нутгийн иргэдийг л дэмждэг, та нарыг бол үгүй" гэдэг юм байна. "Нутгийн иргэдийн саналаар үүнийг зохион байгуулж байгаа, оролцож тарилцах, арчилж тордох нь нутгийн иргэд шүү дээ" гээд ч нэмэр болсонгүй. Хэрэг явдал үүгээр дууссан бол энд илүү үг нуршихгүй байлаа. Хамгийн зэвүүн агаад хорон нь, Түмэнцогт сумын ТХБЦГ-ын байгаль хамгаалагч руу утасдаж, "хотоос хэдэн хүмүүс очиж мод тарих гэнэ, битгий оруулаарай" гэж тушаасан байвал яахав? Тусгай хамгаалалттай газарт руу ороход зөвшөөрөл авдаг журам дүрэм бий. Гэхдээ бид буга намнаж, тарвага буудах гээгүй шүү дээ!!! Ажил хийж явахад янз бүрийн ааш араншинтай хүнтэй тааралдана, зөрөх маргах зүйл гарна, гэлээ ч эцсийн дүн нь нийтийн эрх ашгийн төлөө л бол ойр зуурын ялих шалихгүй маргаан юуных нь тийм хорон байх билээ дээ. Гэтэл, ДБХС-ийн төслийн захирал энэ эмэгтэйн өндөр цалинтайгаар хийдэг тэр ажлыг нь бид, иргэдтэй хамтран цалин хөлсгүйгээр ажиллая, тэр л нутгийн хөрсөн дээр өсөж торнисоны хувьд эх газрын шархыг анихад бага боловч нэмэр болюу өөриймсөг сэтгэлээр хандаж байхад, өөрөө ч эс хийх, өрөөлийг ч бүү хийг гэж ийн авирлаж таарах уу? Төслийн удирдагч дор хаяж нэг сая таван зуун мянган төгрөгний цалин авдаг байж таарна. Тэднийг хэрэв энэ ажлыг хий гэвэл багаар бодоход 10 саяыг гаргуулж байж хэдэн мод Түмэнцогтод мод тарих байсан даа...
Өгье гэвэл ГАНЦ- аасаа
Ийнхүү намайг албан газар байгууллагуудын хаалга үүд онголзуулж, бичиг сачиг барьж гүйх зуур, Наранцогт маань Хамарын хийд, Дундговийн Хатанбулаг сумдад модоо тарьсаар завгүй байв. Аль 2009 оноос тэр мод тарих аяныг санаачилж, удирдсан болохоор нийтийг хамарсан ийм томоохон ажлыг зохион байгуулахдаа нэлээд туршлагажиж байгаа. Миний хувьд түүнтэй нэлээд хэдэн газар мод тарьж байсан ч зүүн бүсийн сумдад мод тарих ажлыг эхэлж санаачлагчийн хувьд, аялалын унаа шатахуун, хамт явж ажиллах хүмүүсийн байр хоолны асуудлыг зохицуулах ажлыг бүрэн хариуцах ёстой байв. Нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй иргэд, байгууллагад хандахад бүтнэ гэж найдаж байсан ч, товлосон хугацаа маань ердөө хоёрхон долоо хоног үлдээд байхад тооцоолсон хандив мөнгө орж ирээгүй л байв. Санаа зовж эхэллээ. Бүүр болохгүй бол авсан хэдэн модоо тэврээд шууданд суугаад, очиж тарьчихаад ирье дээ гэж хүртэл бодов.
Наранцогтыг говийн аялалаа өндөрлөөд буцаж ирэхэд нь хураасан хуримтлуулсан юмгүй суугаадаа санаа зовж буйгаа хэлбэл, тэрээр"...болно доо Отгоо эгч минь, сайн санаа үйлс олны дэмээр болдог юм" гэж уужуухан дуугарахад нь ч эргэлзсээр л байсан. Туршлагатай хүний л үг аж, хэд гурав хоноход үнэхээр тэрний хэлсэнээр ажил урагшилж эхэллээ шүү.
Хамгийн түрүүн Чинээ Ганболд /фб-ийн нэр нь/ бидэнд шатахууны зардалд 450,000 төгрөг хандивлав. Ингээд бид ямар ч байсан модоо тэврээд шууданд суухгүй нь тодорхой болов. Удалгүй мөнгөн хандив чамгүй орж ирсэн дээ. Америкад суугаа яруу найрагч Х.Тэргэл 200$ , за тэгээд Японд байгаа монголчуудын төлөөлж Р.Энхтуяа, Оюуны Мөнхчимэг, Шинжааны Л.Оюунчимэг, миний найзуудаас Даваадулам, Сүглэгмаа, ... гээд олон хүмүүс бидний ажлыг дэмжиж тус тусын хандиваа өргөсөөн.
Энэ бүхнээс үүдээд нэг зүйлийг ажигласнаа хэлэхэд, аливаа сайн дурын ажил санаачилж зохион байгуулах үед, тэр нь олны төлөө, нийтийн сонирхолд нийцсэн л бол иргэд тусалж дэмжихэд бэлэн байдгийг анзаарлаа. Түүнчлэн, иргэдийн санаачилгыг дэмжинэ энэ тэр гэсэн уриа лоозон болсон олон улсын гэх байгууллагууд, үнэн хэрэгтээ худлаа байдгийг ч харлаа.
Эх нутаг, газар шороогоо гэсэн чин сэтгэлтэй нутгийн иргэд олон байдаг аа!!!
Анх ФБ-ээр уриалга түгээхэд биднийг хамгийн түрүүнд дэмжсэн Түмэнцогтын уугуул, Түмэнсувдын Түвшинбаяр гэдэг залуутай чатаар холбогдож, юу юу хийхээ ярилцаж явсаар мод тарих өдрөө анхлан нүүр тулж уулзав. Т. Түвшинбаяр угаасаа нутаг орноо гэсэн чин сэтгэлтэй нэгэн болох нь хамт явах хэд хоногт харагдлаа. Тэрээр түймэр ид дундаа шатаж байсан 4-р сард, хотод байгаа нутгийн залуусыг түймэр унтраахад оролцохыг уриалж фейсбүүкээр зар түгээж, 10 гаруй машинтай 30 хэдэн хүн цуглуулан шууд түймрийн голомтод орж ажиллаж байжээ. Тэгээд зогсоогүй тэнд оролцсон хүмүүсийн унааны шатахууны зардалд хувиасаа хандив өгч, хоол ундыг нь ч зохицуулж байж.
Ийм нэгэн идэвх зүтгэлтэй, чин сэтгэлтэй залууг өөрийн багтаа элсүүлж, сайн санааны үйлсийг маань дэмжсэн нөхдийнхөө хандив тусламжаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан сумыг зорьсон билээ.
Өглөө 05:55 гэхэд Улаанбаатараас хөдөлж 450 гаруй км яваад Түмэнцогтод өдрийн 11:30 орчимд ирлээ. Сумын захиргаагаар орвол биднийг хүлээсэн бололтой хэдэн хүн байна. Олон хоногийн өмнөөөс утсаар ярьж, мэйл, чатаар холбогдож байсан ЗД Ганцогт нь бололтой, биднийг өрөөндөө дагуулж орлоо. Гэхдээ, тэр тийм ч найрсаг байсангүй, дэмжих эсэх нь тодорхойгүй л суух аж. Нутгийн байгаль хамгаалахын төлөө зүтгэдэг хэдэн өвгөд мод тарихад оролцохоор хүрээд ирчихэж. Тэд "Хар ямаат хүртэл 15 км-т ус зөөх машин бэлэн, харин бензин л байдаггүй ээ" гэх нь "та нар гаргана биз дээ" гэсэнтэй адил сонсдов. Би Түвшинбаяр руу л харлаа. Нутагтаа ирсэн хүн л аргалах болов уу л гэж тэр шүү дээ. Түвшинбаяр: "за яахав би бензинийг нь хийе ээ, эхлээд манайд очиж хоол идээд хөдлөе" гэв. Холоос яваа, хар үүрээр гарсаныг хэлэх үү. багийнхан бүгдээрээ ядарсан байсан тул дуртайяа гарцгаалаа.
Үдээс хойш Хар ямаатын байгалийн цогцолборт газарт ирлээ. Шинэхэн ургасан өвс ногоон дундаас хуйхлагдсан моддын мөчир тэнгэр өөд тэмүүлэн сэрвийх нь аврах эрэн залбирч буй мэт санагдана. Үзэсгэлэнт энэ л байгалиас түймрийн хөнөөлийг аль болох хурдан арилгах л гэж энэ газрыг зорин ирсэн юм шүү дээ, бид.
Ингээд, тэнд 500 хайлаас суулгахаар нүх ухах ажилдаа орлоо. Наранцогтын авч очсон модны нүх ухах багаж энэ өдрийн хамгийн чухал хэрэглээ байв. Нутгийнхан цугларсан ч хүрз, жоотуу авчирсан хүн алга. Дахиад л Түвшинбаяр маань ийш тийш ярьж, зохицуулж хэдэн багажтай болов. Нүх ухах ажлын хамгийн хүндийг үүрсэн хүн мөн л Түвшээ байлаа. Тэр анхнаасаа л Хар ямаатад мод тарих юм сан гэж боддог байжээ. Харин, хэрхэн яаж зохион байгуулахаа л мэдэхгүй байж. Ингээд нэг л өдөр бидний тавьсан уриалгыг олж хараад нэгдсэн нь энэ. Одоо тэрээр "хүсэл маань биеллээ, би жил ирэх тусам модод нэмж тарина аа"гэх нь үнэн голоосоо баярласан хүний үг байсаан. Үнэхээр Түвшээ шиг сэтгэл зүтгэлтэй 10 залуу байхад Хар ямаатын үзэсгэлэнт байгаль улам хурдан сэргэнэ дээ.
Биднийг хамгийн сүүлчийн модоо суулгаж дуусахад, тэнгэр дуугаран бороо асгарч эхэлсэн нь оролцсон бүх хүнийг догдлуулсан юм. Байгаль дэлхий бидний үйлсэд баярлан, хураа хайрлалаа гэж чин сэтгэлээсээ итгэсээн.
Ийнхүү 5-р сарын 27-ноос 31-ны хооронд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан сумдад нийтдээ 1212 мод суулгасан билээ. Харин өнөөдөр Түмэнцогт сумын нутагт тарьсан модод маань хэрхэн ургаж байгааг харлаа. Түвшинбаяр маань саяхан нутагтаа очиж модоо усалж арчлахад тусалж, зөвөлгөө өгөөд иржээ.
Байгаль хамгаалах ажлыг бид ямар нэг болзолгүйгээр, өгөө аваа горилолгүйгээр, зүгээр л сэтгэлээрээ хийдэг. Үүнийг хийхдээ бид дуртай байдаг. Байгал эхийн шархыг илааршуулах тус болж л байвал буян нь тэр ээ.
No comments:
Post a Comment