Tuesday, November 24, 2020

"Долоогонын модон доорх" хайрын түүхийн цаадах харуусалтай баримт...

Хөл хорионы "ачаар" хүмүүс гэр гэртээ үзсэн кино, уншсан номын тухай мэдээллээ хуваалцаад уйдах завгүй л байна.  Саяхан нүүр номоос "Долоогонын модны доор" гэж гоё кино  манай нэг ТВ-ээр гарч, хүмүүсийн сэтгэлд хүрч буйг уншаад, интернэтээс хайсаар англи орчуулгатай нь үзлээ.  Хэрэв үзэж амжаагүй бол линк нь энэ (https://www.youtube.com/watch?v=x3VrhIDPMSQ)

Бүүр арван жилийн өмнө гарсан, Азийн кино фестивалид нэлээд амжилт олсон эл кино Хятадын соёлын хувьсгалын сүүлч үеийн түүхийг өгүүлж байна. Гэхдээ энд улс төр, хувьсгалыг гол болгосонгүй, харин 1970-аад оны залуусын хайр дурлал, нийгмийн үзэл суртлын дарамт, айдас хүмүүст хэрхэн нөлөөлж буйг харуулдаг.  

Хятадын нэрт зохиолч Ай Ми -гийн бичсэн "Мөнх наст долоогоно мод" (Hawthorn Tree Forever) нэртэй бодит түүхээс сэдэвлэсэн зохиол дээр үндэслэн уг киног бүтээжээ. Энэ киноны найруулагч нь Бээжингийн олимпийн нээлтийн ёслолын ажиллагааг удирдсан Жан Иймоу гэдгийг хүмүүс өнөө болтол хүмүүс бараг мэддэггүй гэнэ лээ. 

Найруулагч Жан анх зохиолыг уншаад, хамгийн их сэтгэл татсан хэсэг нь: ‘Би чамайг 1 жил 1 сар хүлээж чадахгүй; Би чамайг 25 нас хүртэл чинь хүлээж чадахгүй. Би чамайг бүх насаараа хүлээж чадна" гэсэн өгүүлбэр гэнэ. Чухам энэ л түүнийг кино хийх шийдэлд хүргэжээ. Зураг авалт хийж байхдаа, кино ямар болох нь хамаагүй энэ л өгүүлбэрээр төгсөх ёстой гэж бодсон”  найруулагч Жан яг л төлөвлөсний дагуу гүйцэтгэжээ. Киноны дунд хэсэгт залуу санаандгүй хэлчих шиг санагдсан энэ үг илүү гүнзгий утга агуулж байсан нь бүр төгсгөлд ойлгогдоно.

Гол дүрийн эмэгтэй Жин буюу Zhang Jingqiu-гийн  дүрийг төдийлөн олны танил болж амжаагүй залуу жүжигчин  Жоу Дуню (Zhou Dong-Yu) 18 настай, эрэгтэй гол дүр Сан (Sun Jianxin)-д Канадад төрж өссөн Шон Доу ( Shawn Dou21 настайдаа тогложээ.

Эмэгтэй гол дүрийн жүжигчний тоглолт олны хайрыг ихэд татсан бололтой. Азийн охид бүсгүйн уламжлалт даруу зан төлөв, анхны хайрын баяр, гуниг шаналлын аль алиныг амсаж буй хайр хүрэм охины гэмгүй, гэнэн харцыг үнэмшилтэй үзүүлж буй энэ жүжигчин үзэгчдийн сэтгэлийн утсыг доргиосон нь лавтай. 

Миний ойлгосноор энэ кино маш энгийн найруулгатай, харилцан яриа бага, 70-аад оны хятадын ахуйн эгэл жирийн зураглал давамгайлах ба гол дүрийн жүжигчдийн (охин, хөвгүүн хоёрын) царай зүс, харц, биеийн хэлэмжийг онцгойлон тодруулсан, тэдгээр нь үг ярианаас илүү санаагаа илэрхийлсэн байдал нь үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн болов уу. Энэ нь мэдээж, найруулагчийн ажил сайн байсныг илтгэх биз ээ.

 Жан найруулагч 70-аад оны охид хөвгүүдийн дурлал, хайрын зөөлөн мэдрэмжийг үзүүлэхдээ: “Жүжигчдийн тоглолт маш аядуухан, нам гүм байдлаар өрнөж, үзэгчдийг үйл явдлын өрнөл рүү хөтлөхийг хүссэн. Энэ нь нүд гялбам өнгө будаг, бүжгийн нарийн дэглэлтэд анхаарлаа төвлөрүүлж байсан миний өмнөх ажлуудаас тэс өөр байлаа" гэж ярьжээ. Магадгүй, 1970-аад оныхны хайрын тухай ойлголт, техникийн дэвшилтэй хамтаар сэтгэл зүрх нь  “техникжих” тал руу хэлбийж байгаа өнөө үеийнхэнд ‘цэвэр”, “зөөлөн”, “чин сэтгэлийн” хайр гэгчийг мэдрүүлэхэд тус болж буй бололтой.

 


Дурлалт залуусын хайрын түүх гунигтай төгсдөг. Жин охин нь нэг жил хагасын хугацаанд (тэнсэн харгалзах ял гэмээр) хайрлаж дурлах эрхгүй, хатуу болзолтой тул ээжээсээ болон бусдын хов живнээс айгаад хайртай залуутайгаа уулзаж болохгүй, гэхдээ энэ хугацааг дуусмагц түүнтэй хамт байх боломж бүрдэнэ гэж найдна. Харин залуу нь:Би чамайг 1 жил 1 сар хүлээж чадахгүй. Би чамайг 25 нас хүртэл чинь хүлээж чадахгүй. Би чамайг бүх насаараа хүлээж чадна" гэж хэлдэг. Геологи хайгуулын ангид судалгаа хийдэг залуу өөрийгөө эдгэшгүй цусны өвчтэй болсноо эртнээс мэджээ. Найруулагчид онцгой сэтгэгдэл төрүүлсэн дээрх үг ийм л учиртай байж. 

Хэдэн сар сураг чимээгүй хэдэн сар алга болсон хайртай залуугаа хайсаар, Жин, хамт ажилладаг геологичидтой уулзана. Тэндээс геологичид яагаад хүндээр өвчилж, нас барж байгаагийн учрыг олохоор судалгаа хийдэг байсныг сонсоно. Залуу ингэж судалгаа хийж байхдаа өөрөө ч мөн өвчилснөө мэдээд энэ ертөнцөд удаан амьдрахгүй гэдгээ хайрт хүндээ битүүхэн хэлжээ.

Уг киног бодит түүхээс сэдэвлэснийг дээрх дурьдсан. 1950-1970 аад онд дэлхий дахинаа геологи уул уурхайн ашиг орлого хэмжээлжгүй нэмэгдэхийн хэрээр олборлолтын явцад хэрэглэдэг мөнгөн ус гэх мэт химийн бодисууд хүний биед асар их хортой болохыг тогтоож эхэлсэн үе юм. 70-аад оны эхнээс Японы анагаах ухааны эрдэмтэд, олборлолтод хэрэглэж буй химийн бодисууд хүний мэнд амь насанд аюултай болохыг анх удаа гаргаж тавьсан ба 1971 онд анхны баримтат киног япончууд хийж олон нийтэд үнэнийг дэлгэсэн байдаг. https://en.wikipedia.org/wiki/Minamata:_The_Victims_and_Their_World

Японы Нориаки Цучимото (   ) (1928 - 2008 )-гийн бүтээсэн баримтат кинонууд гарснаар "Минамата өвчин" -ий (https://en.wikipedia.org/wiki/Minamata_diseaseтухай ойлголт Ази тив болон дэлхийн орнууд мэддэг болж орчин үеийн уул уурхайн үйлдвэрлэл хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нухацтай авч үзэх болсон байна. .

Гэхдээ, дэлхий дамнасан том баячуудын асар их хөрөнгө мөнгөтэй холбогддог болохоор хүний эрүүл мэндэд нөхөн сэргээгдэшгүй хор  нөлөө  үзүүлдэг “уул уурхайн өвчний” баримт мэдээллийг ямагт нууцалж,  эсвэл маш зөөлрүүлж, эерүүлж бичсээр ирсэн байдаг.  

Хятадын зохиолч Ай Ми-гийн бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээлийнхээ гол санаагБи чамайг 1 жил 1 сар хүлээж чадахгүй. Би чамайг 25 нас хүртэл чинь хүлээж чадахгүй. Би чамайг бүх насаараа хүлээж чадна"  гэсэн энэ хэдэн өгүүлбэрт далдалсныг найруулагч мөн киноныхоо төгсгөлд шигтгэсэн нь энэ юм. 

Анхны, гэнэн ариун хайрын түүхийн гунигтай төгсгөл өнөө хүртэл бидний амьдралд сэмхэн заналхийлсээр байгаа байгаль экологийн сүйрэлтэй их бага хэмжээгээр холбогдож буй Та анзаарсан буй за. 

No comments:

Post a Comment