Friday, January 29, 2021

БУД ГАРИГИЙН УХРАХ ХӨДӨЛГӨӨН БА БОСОО ГАНБААГИЙН ӨЛСГӨЛӨН

 


Талбай дээр С. Ганбаа маань өлсгөлөн зарлаад дөрөв тав хоносны эцэст өнөөдөр ЗГ-н гишүүдтэй тохиролцож, ОТ гэрээг өөрчлөх ажлын хэсэгт орохоор болж гарын үсэг зурсан бололтой. Хасах 35 граудсын хүйтэнд хөлдөх осгох, өлсөж үхэхээр дэнчин тавьсан тэмцлийн гол зорилго нь ОТ-н алдаатай гэрээг засах ганц л зорилготой байсан. Гэхдээ, амархан шийдэгдчих нь юу л бол. Улс төрийн олон оролцогчтой, өргөн олны эрх ашгийг хөндсөн энэ үйл явцад гариг эрхэс
яаж нөлөөлж буйг шинжилж, цаашид хэрхэн өрнөхийг ажиглан бодлоо хуваалцмаар санагдаад болдоггүй ээ, J.


Хэн нэгэнд шал дэмий санагдаж мэдэх ч, тэнгэрийн эрхэс гаригууд бидний амьдралд нөлөөлдгийг мэддэг ухаардаг хүнд бол сонирхууштай л зүйл. Үйл явдлын гэрч нь та бид бүгдээрээ юм болохоор, цаашид хамтдаа ажиглая.

Маргаашаас эхлээд 2 сарын 21 хүртэл Буд гаригийн ухрах хөдөлгөөн /retrograde/ эхэлнэ. Жилдээ 3 удаа болдог Буд гаригийн ухрах хөдөлгөөн, бидэнд өнгөрсөнд хийсэн үйлдлээ эргэн тунгааж “ухраан” харах боломж олгодог.

Мөн энэ үед алив нэгэн булхай, луйврын хэргүүд, нууц үйлдлүүд илэрдэг. Астрологи сонирхон судалж ирсэн 20 гаруй жилийн ажиглалтаасаа заримыг нь сонирхуулахад, жишээ нь 2007 оны 2 сард, Буд гаригийн ухрах хөдөлгөөний үед 24 тэрбумын хэрэг (Хүрэлсүх тэнд оролцсон ?) илэрч шуугиан тарьж байв. Мөн 2013 оны 3 сард ухрах хөдөлгөөний төгсгөлд Н.Энхбаярыг баривчилсан, хорьсон байдаг. Харин одоо СҮ –гийн асуудал хаашаа эргэхийг харж л байя. Анх шүүхэд нэхэмжилсэн нь 2020.10.28 юм байна. Мөн л ухрах хөдөлгөөн үе байж таарчээ. 2020.10.13-наас 11.3-ныг хүртэл Буд гаригийн ретроград тохиосон.

Ретро хөдөлгөөний үе бол өнгөрсөнд үйлдсэн алдааг залруулах, үл ойлголцол, дайсагнасан харилцааг нэг тийш шийдвэрлэх (эвлэрэх эсвэл нэг мөсөн дуусгах) боломж олгодог.

Олон жилийн турш элдэв өнгөөр доромжлуулан байж ОТ гэрээг эсэргүүцэж ирсэн Ганбаагийн энэ үйлдэл, одооноос эхлэн ганц алхам ч болов урагшлах байх гэж харж байна. Учир нь урт удаан гацсан, саад бэрхшээл ихтэй аливаа үйл хэрэг урагшлах, эсвэл өмнө нь эхлээд бүтэлгүйтсэн ажил хэрэг ухрах хөдөлгөөний үед дахин сөхөгдөж, шийдэл гарцыг олох нигуртай гэдэг юм.

Өөр нэг зүйл нь, ухрах хөдөлгөөний үед эхэлсэн шинэ ажил, шинэ харилцаа богино настай байдаг. Саяхан томилогдсон ЗГ-н тэргүүн, түүний багийг энд дурдмаар байна. Хэрэв Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө эхэлсэн шударга ёсны төлөө тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэж харвал, энэ ретро хөдөлгөөн түүнд таатай нөлөөлж болох л юм. Ухрах хөдөлгөөн эхлэхээс өмнө болон хойшхи 7-10 хоногийг сүүдэр үед гэдэг бөгөөд ОЭ-ийн ЗГ ретро хөдөлгөөний сүүдэр туссан үед эмхлэгдлээ. Астрологичид бол ретро хөдөлгөөн эхлэхээс өмнөх 10 хоногт урт хугацааны гэрээ хэлцэл гарын үсэг зурахаас зайлхийх, болж өгвөл хойшлуулахыг л зөвлөдөг.

Дэлхийд хамгийн ойр байрладаг Буд гариг мэдээлэл холбоо харилцаа (хувийн болон түншийн аливаа харилцаа) нд нөлөөлдөг гэх ба ухрах хөдөлгөөний үед эхэлсэн шинэ харилцаа маш богино хугацаанд эрчимтэй өрнөөд цаашдаа саад бэрхшээлтэй тулгарч, үргэлжлэх боломжгүй болсноор зам салах нь түгээмэл гэх ба үүнийг өөрийн болон бусдын амьдрал, үйл явдалд тохиож буй олон жишээгээр би баталж чадах юм.

 

Дээр зөвхөн Буд гаригийн хөдөлгөөний тухай л хэллээ. Манай нарны бусад дагуул гаригуудын нөлөө, мөн тэдгээрийн ретро хөдөлгөөнийн талаар, (хэрэв сонирхвол) хожим ярьж болох юм.

Шинэ оны босгон дээр хоёр том Санчир, Бархасвадь гаригууд (2020.12.21) нэгдсэн мөн оны эхний өдрөөс дэлхийн олон оронд өрнөсөн (АНУ, Орос гм) улс төрийн хурц үйл явдлуудыг астологичид тайбарлахдаа, дайнч-тулаанч Марс (ангараг) гариг Ураан (тэнгэрийн ван)-тай ихээхэн таагүй байрлалд нэгдсэнтэй холбон үзэж байна. Ураан гариг ирээдүйд чиглэсэн мэссэжийг өгдөг бөгөөд түүний нөлөөгөөр, гэнэтийн, тэсэрч дэлбэрч буй мэт огцом үйл явдал гарч, санаанд оромгүй нөхцөл байдал үүсдэг гэх. Хүрэлсүхийн ЗГ гэнэт огцрох шийдвэр ч мөн монголчуудын хувьд ийм гэнэтийн үйл явдал байв.

Дэлхий хэмээх энэ цэнхэр гараг маань огторгуйн уудамд, ганцааараа оршдоггүй болохоор хүн гэдэг амьтан сансарын эрхэсийн эрхшээл дор байдаг ажээ. Энэ бүх оволзож дүрэлзсэн үйл явдал бидний амьдралд асар том өөрчлөлтийг авчрах үүдийг нээх болно гэж астрологичид хэлж бна.

No comments:

Post a Comment