2015 оны 11-р сард МУИС-ын Монгол судлалын сэтгүүлд хэвлэгдсэн
Метафизик ба өрнө дорны сэтгэлгээний ялгаа
Грекийн “мета” –“цаадах”, “дараа” гэсний дээрээс “physis ”-ийг нэмж метафизик гэдэг үг
үүсгэжээ. Анх энэ үгийг Аристотелийн бүтээлүүдэд гарчиг болгон ашиглахдаа,
физикийн тухай бүлгийн дараа орох хэсэг гэсэн утгаар “meta- ("beyond")”
гэсэн үгийг нэмсэн гэдэг. Үнэндээ
бол, Аристоель өөрийнхөө бүтээлийг “метафизик” гэж нэрлээгүй, харин “анхдагч
философи” гэх саналтай байж. Харин Аристотелийн бүтээлийг хянан шүүсэн редактор
Андроникус Роудэс, эхлээд философийн бүтээлүүд, дараа нь физикийнх гэсэн утгаар
номын нэрээ /τὰ μετὰ τὰ φυσικὰ βιβλία (ta
meta ta physika biblia) “физикийн номны дараах номнууд” гээд нэрлэчихэж. Үүнийг нь латин
судлалын эрдэмтэд ташаа ойлгож, "the science
of what is beyond the physical" буюу “биет зүйлсийн чанад дахь шинжлэх ухаан” гэж буулгаснаар метафизик[1] гэдэг нэр томьёо үүсч, түүнийгээ
(physis in Greek) “байгалийн цаадах /дараах/
шинжлэх ухаан” өөрөөр хэлбэл материаллаг бусыг судлах гэж тайлбарлах
болжээ.
Өрнийн сэтгэл судлалын онолоор хариулагдахгүй зүйлийн нэг бол метафизик
гэгч ойлголт болой. Аристотелоос эхлээд өнөөг хүртэл сэтгэгчид, яруу найрагчдын
бүтээлд ямагт далд өгүүлэгддэг, судлаачдыг эрэлд хатааж буй энэ ухагдахуун нь
товчхондоо байгаль ертөнц дээр "байгаа гэхэд байхгүй ч юм шиг, байхгүй
гэчихээр байгаад байдаг" тийм л
зүйлийн тухай хэлээд байгаа аж. Жишээ нь, зүүдийг байхгүй гэж болохгүй,
бас байгаа гэвэл бариад гаргаад ирж чадахгүй. Гэтэл зүүдээр дамжуулсан
мэдээлэл илт оночтой байсныг барин тавин
нотолдог нь олон.
Физикчид, байгальд эрчим хүч, энерги шинээр үүсч бий болдоггүй, орчлон
ертөнц үүсэхэд тэр байж л байсан, харин түүнийг хувьсган, нэг төрлөөс
нөгөөд хувирган өөрчилж болдог гэдэг. Түүнчлэн хайрыг мета үүднээс
тайлбарлавал, Та түүнийг барьж, харж чадахгүй, харин мэдэрч л болно. Мэдрэгдэж
байна гэдэг нь тэнд долгионын үелзэл /резонанс/ байна гэсэн үг. Тэрхүү долгион танд мэдээлэл дамжуулж байгаа
хэрэг.
“Оршихуйн үлэмж дээд хэлбэрийг мэдрэх нь тайлбарлаж
боломгүй, гүн нууцат тодорхой мэдрэмжтэй холбоотой. Түүнийг ямар нэг юмтай харьцуулах аргагүй, мөн сэтгэхүй хийгээд
ургуулан бодохуйтай холбож болохгүй юм. Ийм мэдрэмж бол бидний мэдрэхүй,
хүртэхүй, сонсохуй, үнэрлэхүйд хүртэгдэх бүхнээс харьцангуй бодитой
байдаг. Учир нь эдгээр мэдрэмж нь дээр
дурьдсан дээд бодгалийн тодорхой мэдрэмжээс бусад мэдрэмжийг агуулдаг тул
түүнийг дээрхийн алинтай ч адилтгах боломжгүй”[2] гэж
тантрын үндэст өгүүлжээ.
Дорно дахинд метафизикийг дээрх байдлаар тайлбарлаж байна. Тэд оршихуйн
дээд хэлбэрийг мэдрэх тухай л хэлснээс бус метафизик энэ тэр гэж нэрлэсэнгүй.
Тэд угаасаа олон “изм” үүсгэж онол ярих дургүй, гагцхүү сэтгэлээ таньж дотоод
руугаа хандахыг л эрхэмлэдэг. Тэндээс л ертөнцийн учрыг олно гэж үздэг.
Тэгтэл өрнөдийн алдарт сэтгэгч, далд судлалын онолч,
аналитик шинжилгээний онолыг үндэслэгч Карл Густав Юнг “...дорно дахинд
метафизикээс өөр өрнийнхний сэтгэл судлал /психологи/ -тай дүйцэх зүйл байхгүй.
“mind” /сэтгэл санаа/ гэдэг үг дорно дахинд хэрэглэгдэхээрээ метафизик
утгатай болчихдог” гэсэн нь сонирхолтой. Тэрээр цааш нь “өрнийн mind хэмээх
ойлголт дундад зууны төгсгөлөөс метафизик тодотголоо гээж сэтгэцийн чиг үүргийг
тэмдэглэдэг (psychic function) үг болчихсон. Бид “mind”-оюун санаа нь метафизик
мөн чанартай гэдгийг, хувь хүний оюун ухаан /“mind”/болоод таамаг орших
ертөнцийн оюун ухаан/“universal mind”/ хоёр хоорондоо холбоотойг хүлээн
зөвшөөрдөггүй. Тэгэхээр бидний сэтгэл судлал бол ямар нэгэн метафизик
тодотголгүй цэвэр сэтгэлийг судлах ухаан болж таарч байна” [3] гэсэн.
К.Г Юнгийн ийнхүү бичиж байх үед (1939
онд бичсэн хэдий ч бүүр сүүлд 1960-аад оноос л анхаарлын төвд орж ирсэн) өрнөдийн
сэтгэл судлалд З.Фройдыг дагагсад, өрнийн сэтгэлгээг дорнынхоос доогуур тавьж,
сэтгэлийн зүйлийг метафизик гэж тайбарласан “солиотой” нөхөр, “мистицизмд
донтогч” хэмээн тохуурхаж байж.
К.Г Юнг: “өрнөдийн сэтгэл судлалд хүний оюун санаа “mind”-г
ертөнцийн нэгдмэл шинжээс нь салгаж, тусдаа хүрээнд авч үзэж ирсэнээр хүн өөрөө
сансар огторгуйн нэгэн хэсэг байхаа больж, хүний “anima “
-сэтгэл санаа нь ч ертөнцийн оюун санаа “anima mind”-аас үсэрсэн оч, хам
чанар байхаа больсон” [4] гээд
харин дорнын сэтгэлгээний хэлбэр одоогоор зөв гольдролоор яваа гэж тэмдэглэсэн байдаг. Тэрээр “өрнөд-ийн сэтгэлгээг экстраверсия-гадагш чиглэсэн, дорнынхыг интроверсия
–дотогшоо чиглэсэн загвар гэж тодорхойлсон байхад харин З.Фрэйд энэхүү
интроверсия - сэтгэцийн хандлагыг хэвийн бус, оюун ухааны
согогийн илрэл хэмээн авч үздэг байв.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг
хөхөөрөө байдаггүйг материалист сэтгэгчдийн давамгайлал буурч, мистикч,
метафизикийг эрэлхийлэгчид тэргүүлэх болсоноор харуулаад байх шиг. Өрнөдийн
экстраверт сэтгэлгээгээр бүтсэн онолыг эргэн нягтлах цаг ирж, Юнгийн
дэвшүүлсэн, дорнын интроверт сэтгэлгээг илүүд үзэх хандлага давамгайлах болсныг
өнөө цагийн тэргүүлэх зохиолчдын зохиол бүтээлээс харж болно. /Галлюционизм битчсэн Хятадын зохиолч Nobel- авч,
зэргэлдээ ертөнц хийгээд сэтгэхүйн мета үзэгдлийг өгүүлдэг Японы Мураками-ийг
дараагийн Nobel-д уралдуулж байна./
Дорно дахины дотогш хандлагатай философи сэтгэлгээний эхлэлийг
хөөвөл дор хаяж Будда мэндэлсэн 2500 жилийн өмнө соёолсон ур түүх
яригдана. Харин сүүлийн 200 жилд хүн төрөлхтний хөгжлийг
урагшлуулсан сэтгэлгээ бол яах аргагүй өрнийн сэтгэлгээ байсан. Гэтэл К.Г Юнг
өөрөө урган гарсан өрнийн сэтгэлгээг хатуугаар шүүмжилж, “Өрнөдийн шашинд хүний
хийж чадах зүйл маш өчүүхэн, бүхнийг бурханд даатгадаг, харин дорно дахинд хүн
өөрөө бурхан, өөрөө өөрийгөө аврагч нь болчихдог гээд, “дорнын
оюуны арга барилаас нэг бүрчлэн суралцах хэрэгтэй, тэдний интроверт чиг
хандлагыг ухамсаргүй unconscious-ээсээ хайвал дээр, “...өөртөө бурхангүй хүн гаднаас түүнийг олох
ёстой болно. Заавал бурхан хайлгүйгээр өөрөө хөгжих чадвартай гэдгээ мэдэрсэн
үед сэтгэл санааг гаднаас дүүргэх шаардлагагүй, хангалттай баялгийг өөртөө
агуулдагаа ойлгосон цагт л дорно дахинаас суралцаж чадах юм [5] гэсэн байдаг.
Метафизик ба Аюурзанын зохиолын далд өгүүлэмж
Өрнийн алдарт сэтгэгч, мистик
судлалын онолч эрдэмтний тодорхойлсон дорнын интроверсия, өрнийн
экстраверт сэтгэлгээний жишээг тодорхой дүрээр шинжих гээд үзье.
Уран зохиолын судлалд өвөрмөц нэгэн чиглэл болгох психоанализ буюу сэтгэц задлагийн шинжлэл хийнэ гэдэг товчхондоо, зохиолчийг сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг хянан магадлах, цаашлаад зохиолын гол баатруудын сэтгэцэд гарсан өөрчлөлтийг шинжилж шалгах маягийн юм хийнэ гэсэн үг. Нэгэнт сэтгэцийн эмчийн гаргасан онолоор уран зохиолыг шүүх гэж байгаа болохоор судалгааны обьектоо өвчтөн гэж харах ёстой болох нь.
Уран зохиолын судлалд өвөрмөц нэгэн чиглэл болгох психоанализ буюу сэтгэц задлагийн шинжлэл хийнэ гэдэг товчхондоо, зохиолчийг сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг хянан магадлах, цаашлаад зохиолын гол баатруудын сэтгэцэд гарсан өөрчлөлтийг шинжилж шалгах маягийн юм хийнэ гэсэн үг. Нэгэнт сэтгэцийн эмчийн гаргасан онолоор уран зохиолыг шүүх гэж байгаа болохоор судалгааны обьектоо өвчтөн гэж харах ёстой болох нь.
Тэгэхлээр, энд зохиолч Аюурзаныг сэтгэцийн өвчтэй эсэхийг хянах гэж
зовж сууснаас, дорнын сэтгэлгээ талаасаа, зохиолынх нь дүрийг шинжвэл,
буддизмыг ойлгодог манай уншигчдад ч илүү дөхөм байх болов уу.
Ингээд Аюурзанын Шүгдэн романы хоёр дүрийг авч, дорнын интроверт
сэтгэлгээг Самандаар, өрнийн экстраверт сэтгэлгээний жишээг Дарамбалын дүрээр
тайлбарлахыг хичээе. Угтаа бол энэ хоёр хоёулаа бурхны номд боловсорч яваа
залуу хуврагууд, интероверт сэтгэлгээний загварт илүү тохирох юм.
Гүмбум хийдэд гарсан хүн амины хэргийг мөрдөхөөр Ордосоос ирсэн мөрдөгч Сэржамцийн хуанди нэрт алдартай мөрч нохой ирсэн шөнөө учир битүүлгээр үхэж байгаа тэр хэсгээс эхлэн ээдрээт учралууд хөвөрнө. Талийгаач лам Дарамбалын гэрт үзлэг хийхэд олдсон ховор нандин судруудын завсарт хавчуулж үлдээсэн “Алуурчин нь хохирогчоосоо өмнө үхвэл тэр жинхэнэ аллага биш. Алуурчин хэдийнээ өөр төрөл авчихсан учраас тэр" гэсэн бичиг, ханан өлгөөстэй Доржшүгдэнгийн нууц шүтээн, орны хөндийгөөс олдсон "сонсгоод"судар... цагаан гарж нохой Шүгдэн сахиусын унаа, талийгаачийг хоног хураах өдөр нь Юшүд газар хөдөлжээ гэх цухас мэдээ...” [6] Энэ мэт үл ойлгогдох учрал тохиолууд уншигчийг гайхах, бодож эргэцүүлэх, цаашлаад Буддизм хийгээд сүсэг бишрэл, шүтэн барилдлагын учрыг тунгаан бясалгахад хүргэдэг. Энд мөнөөх Юнгийн хэлсэн дорнын сэтгэлгээний мета шинжийг ухаарах хэрэгтэй болно. Уг зохиолыг ердийн нэг детектив хэмээн хөнгөхөн уншаад өнгөрөх нэг хэрэг. Хэрхэн ойлгох нь уншигчийн зүгээс өөрийн дотоод гүнд шунгах чадвараас шалтгаална.
“Алчуурчин нь хохирогчоосоо урьдаж үхсэн бол тэр аллага биш"...
Дарамбал буддын номонд муугүй суралцсан авьяаслах залуу хувраг боловч түүний
сэтгэлийн хараа гадагшаа хандлага нь давамгайлж, өнгө мөнгөний шуналд
хорлогдсон нэгэн. Анхдагч зорилго нь ном боловч тэрээр, эгэл бусын эл
замаасаа ямар ч үед үл хазайх өөрийн анд Самандын тууштай чанарт сэтгэлийнхээ
гүнд атаархлын галыг өрдсөн үйлийнх нь эцсийн үр ийм аж. /би ингэж ойлгосон
/Атаархал бол сэтгэлийн гол гурван гэмийн нэг гэдгийг тэрээр мэдэхийн дээдээр
мэднэ. Номын ухаан дутуугүй заяасан, суу заль дүүрэн тэрхүү залуу ламтанд
нөхрийгөө хороон, өөрийгөө тонилгох хүртэл хорон үйлийг үйлдүүлэх ямархан нэгэн
далдын хүч үйлчилсэн гэлтэй. Энд мөнөөх л, психоанализ талаас бол сэтгэцийн
өөрчлөлт гэдгээр, харин дорнын ойлголтоор бол метафизик гэдгээр тайлбарлагдана.
Ерөөсөө Г.Аюурзанын зохиолын мета өгүүлэмж нь түүний үгийн цаадах далд илэрхийлэлд байдаг.
Түүний бүтээлээс яруу тансаг хэллэгийг хайгаад хэрэггүй, харин өгүүлэмжийн
дундуурх гүнзгий санааг хөөх нь илүү сонирхолтой. Зохиолын хэл нь
чамирхал цэцэрхэлгүй энгийн атлаа, эргэцүүлэх бодох зай завсар гаргахаас өөр
аргагүй болдог. Хэрэв ингэхгүй бол ямархан нэгэн нууцыг анзааралгүй өнгөрөөчих
гээд байдаг. Өөрөөр хэлбэл, түүний
энгийн хэллэг ямар нэг далд гүн утга агуулсан байдаг.
Тэр тусмаа зохиолчийн дотоод ертөнцөд боловсорсон санаа, мета –
өгүүлэмж нь ертөнцийн мөн чанарыг танихыг хүссэн оюуны эрэлч - уншигчдыг
эгэлийн сэтгэлгээнээс давсан оюун санааны төсөөлөлд хөтөлж, хүн өөрийн
сэтгэлийн дотоодод "тэмтрэгдэх"
нэгэн нууцыг таньж мэдрэх хүслийг өдөөдөг. Тэмтрэгдэх гэдэг үг бол
түүний бүтээлд олонтаа тааралддаг,
мэдрэхүйн амин утгыг агуулдаг шиг санагддаг. Орчлон харах мэлмий дутуу хүний тэмтрэх,
баримжаалан мэдрэх чадвар нь илүү хөгждөг гэнэм. Гэхдээ хүн зөвхөн гадагш харах
нүдээр аливааг тольдохоос гадна, өөрийн дотоод руу өнгийж байхыг
буддизм сургадаг. Энэ бол хүний оршихуйн утга, мөн чанар, сэтгэлээ танихын анхны
алхам бөлгөө.
Г.Аюурзанын ихэнх бүтээлийн гол дүрүүд /”Арван
зүүдний өр”-ийн Тэнгис, “Бөөгийн домог”-ийн Хагдай бөө, “Цагаан хар улаан”-ны
Рэнцэнраа[7], “Судасны
чимээ”[8]-гийн
Алтан-Уул бариач/ -д өөрт нь заяасан төрөлх зөн мэдрэмж нь энэ ертөнцийг
нууцад хөтөлсөн, ямар нэгэн нууцлаг хүчний нөлөөг совиноор мэдрээд буй өгүүлэмж ямагт гол
шугамд нь явж байдаг. Товчхондоо, зохиолын гүн утга нь орчлон хийгээд
хүмүүн-байгаль хоёрын нэгдэл, дээд оршихуйн холбоог ойлгохыг хичээх, улмаар Буддын сургааль ба түүний шүтэн барилдлагын тухай эргэцүүлэхэд хүргэдэг.
Зохиолчийн хэл, "үг" –ийн талаар цухас дурьдах далимд, шашин судлаач, орчуулагч П. Бадрал " Бодол, үг хүчтэй,
заавал биеждэг жамтай” гэж бичснийг хараад нэн олзуурхав.
Ертөнцийн юмс бүхэн резонансад оршиж байдаг. Үг өөрөөсөө үл мэдэг
долгион ялгаруулдаг гэж оккультизм үздэг. Энэ үнэхээр тийм гэж зөвшөөрмөөр
боловч гаргаж ирээд харуул гэвэл бас л чадахгүй шүү дээ.
Үг бүр хүний /хүсэл, урам зориг /дотоод сэтгэлийн дуун
илрэл. Зохиолч хүн бол тусдаа байгалиас тусгай өгөгдөлтэй төрдөг гэдэгтэй санал
нийлнэ. Зохиолчийн бодолд буусан санаа
бол чухамдаа дээд хүчин буюу чанадын оюун санааны цуурай байж болох бөгөөд
тэдний төсөөлөлд буусан санаа үг болон бичигдэж, бидний өмнө бодит дүр болж ирснээр хүний оюун санааны гайхалтай бүтээлийг
цогцлоон бүтээдэг ажээ. Тэрхүү үнэт бүтээл уншигчдын итгэл үнэмшил, сэтгэл
догдлолтой нэгдэхээр улам биежиж /бидний/, өөрийн гэсэн тодорхой оршихуйг
үүсгэж, огторгуйн хаа нэгтээ дээд түвшний орон зайд долгион хэлбэрээр байр сууриа эзлэн оршин
тогтнодог байж болох юм.
Оршихуйн өөр хэлбэр, онгодын нэгэн хүчинтэй бодол санаагаараа нэгдсэн зохиолч, яруу найрагчийн зөн билэг бол тэдний оршин тогтнохын үндсийг улам бат бэх болгодог. Тэдний зөн билэг бол ертөнцийн мөн чанарыг танин мэдсний үр дүн, энгийн ахуйн үнэн, сэтгэхүй ухамсрын чанадад орших бодит мөн[9] гэж Буддистууд үздэг.
Дорнын сэтгэлгээг буддизмаас ангид үзэх аргагүй. Буддизмд, хүн
сэтгэлээ танихын анхны дасгал амьсгалаа мэдрэх бясалгал, иогоос эхэлнэ гэж
үздэг. Шүгдэн романд, бясалгал иогийг шууд өгүүлээгүй ч зохиолын дундах очир
алмаас мэт шигтгээ болон тод харагдах нэгээхэн хэсэг бол Саманд лам хайр
харуусал хослосон дурлалын түүх байдаг.
Буддын номонд гүнзгий нэвтэрч, гуч гартлаа эмэгтэй хүнд дурлахын тухай
төсөөлөл ч үгүй явсан Саманд, хувь тавилангийн егөө гэмээр хоромхон зуурын
учралаар Дарамбалын дүү бүсгүйд сэтгэл татагдах үест, хорвоогийн сайхныг мэдрэн
дотогш бясалгах тэр агшин бол үнэндээ жинхэнэ Зэн оршихуй гэмээр.
Буддын
гэгээрсэн хутагтууд, сэтгэлээ танихуйн ухаанд суралцахын тулд эргэн тойрны үйл
явдлыг энгүүн тайван ажигла гэж сургадаг. Ялангуяа сэтгэл ховсдох ийм үед үйл
явдалд “оролцогч биш, ажиглагч бай” гэдэг. Багшийнхаа заасан номноос огтхон ч хазайж байгаагүй залуу хувраг Самандын энэ ертөцийг орхихоос өмнө
амжиж мэдэрсэн дурлалын гайхалтай мэдрэмж хийгээд орчлонгийн хоосон чанарыг
таньсан түүний сэтгэлээ цэгнэн барих чадвар, харуусал гуниг хослосон чин хайрын
энэ түүх бол Шүгдэн романы хамгийн гэгээн хэсэг билээ.
Харин энэ бүхнийг өрнийн сэтгэл судлал, ялангуяа З.Фройдын
дур хүслийн зарчим болоод ухамсаргүйн онолоор[10] тайлбарлах аргагүй.
Түүний дэвшүүлсэн phallic symbol буюу
шодойн бэлэгдэл, эсвэл Oedif complex Эдип маягийн / сэтгэцийн хүнд хэлбэрийн /
согог-оор тайлбарлах нь сэтгэцийн
эмгэг
талаасаа ярьж болох зүйл боловч уран зохиол судлалд онцлон авч үзэхээргүйн
дээр, өдгөө түүний энэ онол цагийн аясаар бараг орхигдох тийшээ хандсан гэхэд
хол зөрөхөөргүй санагддаг.
Шүгдэн романы өөр нэгэн мета өгүүлэмж бол тамын ертөнцөөр аялж
буй Дарамбалын сүнс, хичнээн ертөнц, өчнөөн цаг хугацааг туулан эцэст нь өт
хорхой болон төрж буй сонирхолтой хэсэг юм. Тамын болон засварын ертөнцөөр
хоромхон зуур аялах тэрхүү аялал зохиолчийн төсөөллийн ертөнцийг тод харуулдаг.
Олон хэмжээст ертөнцийн тухай Буддизмд тодорхой тайлбар
байдаг. Эдгээрээс сүүлийн үед дэлхий олон оронд өөрийн номлолоо түгээж буй Японы шинэ шашны удирдагч, доктор Рьюхо Окава
[11]номонд
буддын шашин талаас нь тайлбарласан олон хэмжээс ертөнцийн тайлбар
сонирхолтой. Тэрээр хүмүүн бидний
амьдарч буй энэ ертөнц бол гурван хэмжээст, биднээс доош хоёр, нэг хэмжээст
ертөнцөд там, бирдүүд орших ба, харин биднээс дээш дөрөв дэх хэмжээст ертөнцөд
асурууд, түүнээс дээш 5, 6, 7 хэмжээст
ертөнцөд илүү дээд оюунлиг сүнсний оршдог гээд 8-р ертөнцөд Татхагата
нар байдаг гэж бичдэг. Харин Буддистуудээс ялгаатай нь тэрээр, 10-13 дахь
хэмжээст ертөнц байдаг гэж тодорхойлоод,
түвшин дээшлэх тутам Мосе-гоос эхлээд Бурхан Багш, Есүс Христ, зөнч Мухаммед зэрэг хүн
төрөлхтөний оюун санааг эзэмдэгч аугаа сүнснүүд мөнх оршсоор байдаг гэж үздэг.
Мөн өөр нэг сонирхолтой мэдэгдэл нь 13 дахь хэмжээст гариг эрхэс галактикийн
оюуны ухааныг удирдан мөнхийн оршихуйг эзэмдэгч оюун ухаан тэнд байдаг
гэнэ. (Рьюхо Окава, Ертөнцийн билгүүн
оюуны, х-8,)
Төгсгөлд нь:
Оны эхэнд зохиолч Г.Аюурзана
“судасны чимээ” романаа гаргахын өмнөхөн Фэйсүүк хуудсандаа: “энэ тарнийн ачаар
нэг ном бараг л бүтчихлээ шүү” гээд нэгэн тарний зураг оруулсан байлаа. Тэр нь
Энэтхэгийн нэгэн их иогч, бясалгал хийхдээ хэрэглэдэг тарни байсан шиг
санагдана.
Тарнийн тухай өгүүлэхийн учир бол ”үг долгион ялгаруулдаг” гэдэгтэй
холбохыг хичээснийх болой. Тарнийн бясалгалын гол үндэс мантра нь “ман”-сэтгэх, “тра”-үг бүтээгч
зэмсэг гэсэн хоёр үгээс бүтдэг гэнэм. /Тантрын номлол (х-7)/
Зохиолчийн сэтгэлд боловсорч, ур
ухаанаар эвцэлдүүлж бүтсэн үг, тарнийн хүчээр илүү увьдасийг шингээдэг байж
магадгүй юм хэмээн Буддын тантрын үндсийг унших зуураа мунхаглан бодов.
"Мантра бол зүгээр нэг ердийн үг биш аугаа их хүчний
мөн чанар бөгөөд тэр нь оршин буй бүхнийг өөрийн дуу авиагаараа илэрхийлдэг. ҮГ өөр хаана ч биш
гагцхүү энд л шууд үйл болон илэрдэг гэх агаад жинхэнэ найрагч, зохиолчийн үг
бодот ертөнцийн үнэнийг танин мэдэхэд хөтөлж, бодит боломжийг нээдэгт
тэдгээрийн хүч чадал нь оршдог. Тэдний үг зүгээр хүүрнэх төдий бус, харин нөлөө
үзүүлж байдаг гэж тэртээ 1930 онд Зиммер[12] бичжээ.
Энд өгүүлэн буй
мантра, тарни, метафизик, олон хэмжээст ертөнц, орчлонгийн хоосон чанарыг
онохын тулд хийдэг бясалгал, амьсгал, Зэн оршихуй бүгд нийлээд Буддизм,
бүгдээрээ дорнын сэтгэлгээ, өөрсдийн туршлагаас хуримтлуулсан мэдлэг билээ.
Гэхдээ дорнынхны дотогшоо хэтийдсэн, өрнийнх гадагшаа хэлбийсэн хандлагын аль
аль нь жам ёсноос хазайсан хөгжлийн гажилт гэж үздэгийг ч тэмдэглэх хэрэгтэй.
“Аль нэг тийшээ хэлбийсэн хөгжил бол өрөөсгөл. Дэлхий ертөнц нэгэн бүхэл, хүн
төрөлхтөн нэг л гэр бүл. Тиймээс гадаад ба дотоод аль алинд нь ч туйлшралгүй
нэгэн бүхэл ...[...] оршихуйн тухайд авч
үзэх нь чухал. Хайр бол гадагшаа гарах гарц, бясалгал бол дотогшоо нэвтрэх орц,
хайр бясалгал хоёрыг хамтад нь заадгийн учир энэ”[13] гэсэн 20 зууны
хамгийн тод гэгээрсэн багш, аугаа мистикч Ражниш/Ошо/ -ийн тайлбараар энэхүү өгүүллээ өндөрлөе.
2015.05.25
No comments:
Post a Comment